Шатахууны үнэ нэмэгдэж “гэнэтийн бэлэг” барих нь
Ирэх Пүрэв гаригт болох УИХ-ын чуулганаар 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэх бөгөөд энэ хуралдаанаар гишүүд бензин шатахууны үнийг 100 хувь нэмэх нь тодорхой боллоо гэсэн яриа энэ өдрүүдэд Төрийн ордноор түгэж эхэллээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Төсвийн алдагдлыг яаралтай нөхөх арга хэмжээ ав” гэсэн даалгаврын дагуу Сангийн сайд Б.Болор өнгөрөгч аравдугаар сард уг төсвийн тодотголыг боловсруулан Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн бөгөөд уг тогтоолын төсөлд дурьдсанаар “Өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс эхлэн дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ тогтмол буурч, үүнийг дагаад ОХУ-аас импортоор авдаг автобензин, дизелийн түлшний хилийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс буурч байгаа нь аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг огцом өсгөж байгаа тул УИХ-аас баталсан татварын дээд хувь хэмжээг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдээд байна” гэжээ. Сангийн яамныхны төлөвлөснөөр 2015 оны үлдэх хугацаанд 17.8 тэрбум төгрөг, 2016 онд 60 тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрнө гэж үзэж байгаа юм. Өөрсдийнх нь булзааруулж байгаагаар “Энэ бол бөөний үнэнд тавьж байгаа татвар” гэсэн хэдий ч нефть импортлогчид харин эсрэгээрээ уг шийдвэр хэрэгжиж эхэлвэл бензиний үнээ нэмэхээс өөр аргагүй гэсэн яриа яаман дээр болсныг тэд ихэд нууцалж байгаа аж. Бензиний үнэ ийнхүү 100 хувиар нэмэгдэх нь өргөн хэрэглээний барааны үнэ өсөх шалтгаан болж, тэртэй тэргүй хүнд байгаа ард түмний аж амьдралд бас нэгэн хүнд ачаа буюу “гэнэтийн бэлэг” болж очих нь ээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ