Зэрэг нэмэхийн өмнө
Улс төрд нэг сонин шог дүрэм бий. Чи бараг ялчихлаа гэж бодох мөчид л мад болгодог. Яг л шатрын сүүлийн нүүдэл дутуу байхад тоглоом дуусдаг шиг...
Сүүлийн өдрүүдэд болж байгаа үйл явдлыг харахаар дээрх дүрэм нүдэнд харагдаад болдоггүй. Г.Занданшатар танхимдаа сэлгээ хийх гэж хөдөлсөн нь үнэндээ өөрийгөө аваръя гэсэн сүүлийн оролдлого байсан юм. Гэхдээ тэр нүүдэл нь эсрэгээрээ намдаа “мад” тавиулах эхлэл болчихвуу яав.
Угаасаа ч Г.Занданшатарын Засгийн газар анхнаасаа эмзэг цэг дээр тогтож байсан. Дотор нь фракцын зөрчил, гаднаас нь сөрөг хүчний шахалт. Ийм нөхцөлд удаан тогтоно гэдэг бол бараг боломжгүй даалгавар. Огцрох нь цаг хугацааны л асуудал байсан гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй. Тэгтэл яг тохирсон мөчид Ардчилсан нам бойкот зарлачихсан. Энэ бол зүгээр нэг гомдол биш, маш тооцоотой нүүдэл. Үр дүнд нь эрх баригчид дотроо сандарч, шууд дараагийн хувилбар руугаа шилжихээс өөр аргагүй болов. Ингээд улс төрийн “backup plan” гарч ирж байгаа нь Н.Учрал. Түүнийг УИХ-ын даргын суудлаас буулгаад Ерөнхий сайд болгох хувилбар МАН дотор яригдаж, бараг шийдэгдчих шиг. Эцсийн тамгыг нь Удирдах зөвлөл дарна, тэгээд л зураг тодорно.
Гэхдээ энэ бүхний хамгийн хоржоонтой хэсэг нь эндээс эхэлж байгаа юм.
Төрийн ордны коридороор хар нүдний шил, саравчтай малгай тохчихсон Засагт багтаж, салбар толгойлох сценаритай явсан нөхдүүд “зэрэг нэмэхийн өмнө мад” болчихов. Ялангуяа Б.Найдалаа, Л.Энх-Амгалан хоёрын кейс бол классик жишээ.
Өчигдөрхөн сайд болох зураг зурж, хэн ямар суудал авах вэ гэдгээ хүртэл дотроо хуваарилчихсан явсан хүмүүс өнөөдөр гэнэт “чи хэрэгтэй юу?” гэдэг асуултын өмнө ирчихэж байна. Жишээ нь, Н.Учрал Ерөнхий сайд боллоо гэхэд Л.Энх-Амгаланг авч магадгүй. Туршлага, системийн хүн гэдэг утгаараа. Харин Б.Найдалаа дээр бол том асуултын тэмдэг. Найдах ч хэрэггүй.
Эрчим хүчний салбарыг бүр ХҮН намд өгч сөхрүүлэхгүй л юм бол Б.Найдалаагаар яг юу хийх вэ гэдэг асуулт тавигдаж байсан. Өмнө нь түүнийг шүүмжилж байсан үгнүүд одоо өөр дээр нь буугаад ирж байна л гэсэн үг. Улстөр гэдэг угаасаа ийм. Өнөөдөр чи тоглогч, маргааш чи илүүдэл. Өнөөдөр чамайг урьж байна, маргааш чамайг мартчихна.
Яг ялчих гээд, сүүлийн нүүдлээ хийх гэж байтал ширээн дээрх өрөг чинь өөрийн чинь эсрэг эргэчихдэг нь л улстөр юм даа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ