С.Амарсайхан, С.Бямбацогт, Б.Жавхлан нарыг УЗ шийднэ
Сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнд анхаарал татаж буй нэг гол сэдэв бол Засгийн газрын бүрэлдэхүүн болон УИХ-ын удирдлагын өөрчлөлт хоорондоо хэрхэн уялдаж байгаа явдал юм. Энгийнээр хэлбэл, хэн сайд болох вэ? гэдэг асуудал дангаараа шийдэгдэхгүй, түүнтэй зэрэгцээд парламентыг хэн удирдах вэ? гэдэг том асуулт зайлшгүй гарч ирсэн.
Үүсээд буй асуудал бол эрх мэдлийн тэнцвэр, нам доторх бүлэглэлүүдийн тохироо, улмаар гадаад улс төрийн харилцаанд ч нөлөөлөх бодлогын зангилаа юм.
Н.Учрал спикерийн албан тушаалаасаа бууж, Ерөнхий сайд болсноор Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг батлахын өмнө парламент өөрөө институцийн хувьд тогтвортой байх шаардлага бий болсон. УИХ-ын удирдлагад өөрчлөлт орсон учраас сайд нарын томилгоог түрүүлж хийх нь улс төрийн хувьд эрсдэлтэй алхам болох юм. Түүнчлэн зарим гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж магадгүй байгаа нь парламентын дотоод зохион байгуулалтыг давхар өөрчлөх шаардлагыг бий болгодог бөгөөд энэ утгаараа УИХ-ын даргын асуудлыг заавал өмнө нь шийдэх ёстой болоод байна.
Нэг нам дотор ч гэсэн үзэл баримтлал, ашиг сонирхлын ялгаа байдаг нь нууц биш. МАН өөрөө ч албан ёсны олонх албан бус цөөнх гэсэн хоёр давхар бүтэцтэй бүр жигүүр болохын даваан дээр оршиж буй.
Парламентын даргад яригдаж буй нэр дэвшигчдийг ажиглавал нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн, сөрөг хүчинтэй ажиллах чадвартай, төрийн институцийн туршлага буюу парламентын ажиллагааг саадгүй явуулах чадамжтай байх ёстой гэсэн үндсэн шалгууруудыг давах учиртай болж байна. Яг энэ капитал дээр тулгуурлан нэр дэвшигчид өрсөлдөж байна. Монголын хагас парламентын шинжтэй тогтолцоонд Ерөнхийлөгч шууд томилгоо хийдэггүй ч улс төрийн нөлөө их байдаг. Ялангуяа нэг нам давамгайлсан үед тухайн намын удирдах байгууллагад Ерөнхийлөгчид ойр хүмүүс олонх байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар нам доторх цөөнх талаас С.Амарсайхан, олонх зүгээс С.Бямбацогт, Б.Жавхлан нарын нэрсийг хэлэлцэж, шийдвэр гаргах хүлээлт үүсээд буй. Дам сонсохнээ С.Бямбацогт дээр тохироо хийгдсэн гэх бөгөөд Д.Амарбаясгалангийн талаас оруулж ирсэн С.Амарсайханыг Ерөнхийлөгч таалахгүй байгаа бололтой.
Эцсийн шийдвэр хаана гарч байгаа вэ гэдгийг ажиглавал намын удирдах түвшний бүтэц өөрөө тодорхой хариулт хэлчихэж буй. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн тэргүүнтэй ойр ажилладаг, нөлөөллийн шугамд нь багтдаг хүмүүс жин дарж байгаа нь сонголт зөвхөн дотоод өрсөлдөөнөөр хязгаарлагдахгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, хэн нь дэмжлэг авах вэ гэдгийг зөвхөн нам дотор ярьж шийдэхгүй, дээрээс ирсэн чиглэл нөлөөлөх нь гарцаагүй. Ийм нөхцөлд Н.Учралын үүрэг улс төрийн тохироог институцийн хэлбэрт оруулах гүүр болох биз. Нэр дэвшигчдийг Удирдах зөвлөлд танилцуулах үйл явц нь үнэндээ эцсийн шийдвэрийн өмнөх формаль шат төдий биш, харин эрх мэдлийн тэнцвэр хэрхэн тогтсоныг албажуулах үе шат гэж ойлгож болохоор байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ