Францад үймээн дэгдэж, 400 гаруй хүнийг саатуулжээ
Францын нийслэл Парис болон бусад хотуудад хөлбөмбөгийн аваргын баярын үеэр эмх замбараагүй байдал үүсч, 400 гаруй хүнийг цагдаагийн байгууллага саатуулсан байна. Үймээн самуун нь Францын аварга баг болох Paris Saint-Germain (PSG) Аваргуудын лигийн финалд ялалт байгуулсны дараа эхэлжээ.
Олон мянган хөгжөөн дэмжигч Парисын төв гудамжууд болон алдарт Шанз-Элизе өргөн чөлөөнд цугларсан бөгөөд зарим хэсэгтээ баяр тэмдэглэл хяналтаас гарч, цагдаа нартай мөргөлдөөн үүссэн байна. Үүний улмаас автомашин шатаж, дэлгүүрүүдийн цонх хагарч, нийтийн өмчид хохирол учирчээ.
Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр долоон цагдаагийн алба хаагч бэртэж, нийт 416 хүнийг баривчилсан байна. Нөхцөл байдлыг хянахын тулд улс даяар 22 мянга орчим цагдаа дайчлагджээ.
Эрх баригчид ихэнх хөгжөөн дэмжигчид тайван баярласан ч цөөн тооны бүлэглэлүүд эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж мэдэгдсэн бөгөөд нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авахаар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ