Тэтгэвэр нэмэх үү, тогтолцоогоо шинэчлэх үү?
Ахмад настнуудын амьжиргааны асуудал нийгмийн анхаарлын төвд байсаар ирсэн ч дөмөгхөн шийдэж чадаагүй өнөөг хүрч яваа. Ялангуяа инфляц өсөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй нэмэгдэж буй энэ үед тэтгэврийн хэмжээ амьдралын бодит өртгийг дагаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл улам хүчтэй өрнөх болсон. Үүний илэрхийлэл нь ахмадын байгууллагууд болон иргэдийн зүгээс тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг Засгийн газарт тавьж буй явдал юм.
Гэвч энэ шаардлагын цаана зөвхөн нийгмийн халамжийн асуудал бус улсын төсөв, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдал, хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйтэй холбоотой томоохон эдийн засгийн сорилт нуугдаж байна.
Энэ долоо хоногт Засгийн газар Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн төслийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа нь тэтгэврийн тогтолцоог шинэ шатанд гаргах оролдлого гэж үзэж болохоор байна. Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдсэнээр энэхүү шинэчлэл нь Засгийн газрын тэргүүлэх бодлогын нэг бөгөөд тэтгэврийн тогтолцоог илүү шударга, тогтвортой болгоход чиглэж байгаа аж.
Өнөөдөр Монгол Улсад 500 мянга орчим ахмад настан тэтгэвэр авч байгаа бөгөөд тэдний дийлэнх нь сарын орлогынхоо ихэнх хэсгийг хүнс, эм тариа, орон сууцны зардалд зарцуулдаг. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр сүүлийн жилүүдэд хэрэглээний үнийн индекс тогтмол өссөн нь ахмад настнуудын худалдан авах чадварыг мэдэгдэхүйц бууруулсан. Ийм нөхцөлд тэтгэврийн хэмжээг огцом нэмэгдүүлэхийг шаардах нь иргэдийн хувьд ойлгомжтой байр суурь юм.
Харин Засгийн газар тэтгэврийн доод хэмжээг шууд 1.5 сая төгрөг болгох боломжгүй гэж үзэж байна. Учир нь ийм шийдвэр нь нийгмийн даатгалын сангийн ачааллыг эрс нэмэгдүүлэхээс гадна улсын төсөвт хэдэн их наяд төгрөгийн нэмэлт дарамт учруулах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн эдийн засгийн чадамж, төсвийн орлогын бүтэц нь ийм хэмжээний нэмэгдлийг тогтвортой санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа юм.
Гэхдээ Засгийн газар зөвхөн мөнгө нэмэхээс илүү тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэж байна. Өнөөгийн тэтгэвэр бодох аргачлал нь олон жил өндөр шимтгэл төлсөн иргэн болон богино хугацаанд бага шимтгэл төлсөн иргэний ялгааг хангалттай тусгаж чадаагүй байна. Үүний улмаас хөдөлмөрлөсөн жил, төлсөн шимтгэлийн хэмжээтэй харьцуулахад тэтгэврийн ялгаа бага байх тохиолдол цөөнгүй гардаг.
Шинэ хуулийн төсөлд хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо, ахмад настны баталгаат тэтгэвэр, мөн өндөр хэмжээний шимтгэл төлсөн иргэдэд түүнд нь нийцсэн тэтгэвэр олгох механизмыг тусгахаар төлөвлөжээ. Энэ нь олон улсын жишигт ойртох алхам гэж судлаачид үздэг. Дэлхийн банк болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар тогтвортой тэтгэврийн тогтолцоо нь нийгмийн хамгаалал болон хувь хүний хариуцлагыг хослуулсан байх шаардлагатай гэж дүгнэсэн байдаг.
Улс төрийн хувьд тэтгэврийн асуудал нь хамгийн мэдрэмтгий сэдвүүдийн нэг хэвээр байна. Сонгуулийн мөчлөг бүрт ахмад настнуудын орлогыг нэмэгдүүлэх амлалт өгдөг ч бодит хэрэгжилт нь эдийн засгийн боломжтой үргэлж уялддаггүй. Энэ удаагийн шинэчлэл ч мөн адил нийгмийн хүлээлт болон санхүүгийн бодит нөхцөл хоёрын зааг дээр өрнөж байна.
Нөгөө талаас тэтгэврийг бүгдэд нь ижил хэмжээнд хүргэх нь нийгмийн шударга ёсны зарчимтай зөрчилдөх нь гарцаагүй. Олон жил хөдөлмөрлөж, өндөр шимтгэл төлсөн иргэдийн хувьд өөрийн оруулсан хувь нэмэртэй дүйцэх үр өгөөж хүртэх шаардлага бий. Харин бага орлоготой, эмзэг бүлгийн ахмадуудын хувьд амьжиргааны доод түвшинг баталгаажуулах асуудал ч мөн адил чухал хэвээр үлдэнэ.
Иймээс Засгийн газрын боловсруулж буй шинэ хууль нь зөвхөн тэтгэврийн хэмжээг нэмэх тухай бус, харин тэтгэврийн тогтолцооны шударга байдал, санхүүгийн тогтвортой байдал, ирээдүйн эрсдэлийг зэрэг тооцсон бүтцийн өөрчлөлт байх эсэхээрээ үнэлэгдэх юм. Ахмадуудын хүсэж буй 1.5 сая төгрөгийн тэтгэвэр өнөөдөр бодит байдал дээр хэрэгжих боломжгүй байж болох ч, хөдөлмөрийн үнэлэмжийг зөв тусгасан шударга тогтолцоо бий болох эсэх нь энэхүү шинэчлэлийн хамгийн том шалгуур юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ