Х.Нямбаатаргүй сонсгол
УИХ-аас зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх” асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр эхэллээ. Сонсголыг иргэдийн хүсэлтээр зохион байгуулж байгаа бөгөөд 2023-2026 онд нийслэлийг удирдсан Х.Нямбаатарын үед хэрэгжсэн томоохон төсөл, төсвийн зарцуулалтыг хэлэлцэхээр товлосон юм. Нийслэлийн төсөв сүүлийн жилүүдэд огцом тэлж, улсын төсвийн гуравны нэгтэй дүйх хэмжээнд хүрсэн тул парламентын хяналт шаардлагатай гэсэн байр суурийг сонсгол санаачлагчид илэрхийлж буй. Гэвч эхний өдрийн уур амьсгалыг харахад олон нийт бодит хариулт сонсохоосоо илүү улс төрийн өнгө аяс давамгайлсан хэлэлцүүлэг үзэж байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр байлаа. Яагаад гэвэл энэ сонсголын гол бай нь болсон шийдвэрүүдийг гаргаж байсан хүмүүсээс хамгийн чухал гэрчүүд танхимд харагдсангүй. Төсвийн томоохон шийдвэрүүд, мега төслүүд, хөрөнгө оруулалтын бодлогын талаар хамгийн дэлгэрэнгүй тайлбар өгөх ёстой хүмүүс нь тухайн үед эрх мэдэл хэрэгжүүлж байсан албан тушаалтнууд. Харин тэдний оронд ихэвчлэн шүүмжлэгчид, улс төрийн өрсөлдөгчид, эсвэл хөндлөнгийн байр суурьтай хүмүүс давамгайлж байгаа нь сонсголын ач холбогдлыг сулруулж байна. Хэрэв үнэхээр үнэнийг тогтоох зорилготой бол асуултын бай болсон хүнээ суулгаж байгаад асуух ёстой. Хэрэв нийслэлийн төсвийн бодлого, хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийн талаар ярьж байгаа бол Х.Нямбаатар ирж тайлбар өгөх ёстой байлаа. Түүнд асуултаа тавих ёстой байлаа. Хариултыг нь сонсох ёстой байлаа. Тэгж байж л сонсгол утга учиртай болно. Түүнгүйгээр өрнөж буй мэтгэлцээн нэг талын шүүмжлэл болон хувирахаас цаашгүй. Сүүлийн жилүүдэд нийслэл өөрөө төсвөө бүрдүүлдэг, өөрөө зээл босгодог, томоохон төслүүдээ санхүүжүүлдэг, эдийн засгийн асар том нөлөө бүхий институц болсон. Үүнийг дагаад хотын даргын эрх мэдэл ч урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн. Зарим нь бүр “хуулиараа хотын даргаа жижиг хаан болгочихсон” гэж шүүмжилдэг нь ч ортой. Гэвч өнөөдөр тэр эрх мэдлийг бий болгосон улс төрийн систем өөрөө эргээд Х.Нямбаатарыгаа онилж эхэлсэн бололтой. Өнөөдрийн сонсголыг зарим хүмүүс зөвхөн төсвийн хяналт бус, эрх мэдлийн төлөөх дотоод тэмцлийн нэг хэсэг гэж хардах нь аргагүй. Учир нь Х.Нямбаатар зөвхөн хотын дарга байгаагүй. Тэрээр нийслэлийн МАН-ын хорооны дарга. Өөрөөр хэлбэл нийслэлийн төсөв, нийслэлийн намын бүтэц, нийслэлийн сонгуулийн нөлөө гэсэн гурван том хөшүүргийг нэг дор атгаж байсан улс төрч юм. Ийм нөхцөлд түүнийг сулруулах оролдлого улс төрийн хүрээнд өрнөх боломжгүй гэж үзэхэд бэрх. Тийм ч учраас өнөөдрийн сонсголыг хараад энэ үнэхээр төсвийн хяналт уу, эсвэл улс төрийн тооцоо хийх тавилттай жүжиг үү? гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч байна. Хэрэв үнэхээр төсвийн хяналт байсан бол бүх тал оролцоно. Хэрэв үнэхээр үнэнийг тогтоох зорилготой байсан бол буруутгагдаж буй хүмүүсээ урьж авчирна. Харин өнөөдрийнх шиг нэг талын шүүмжлэл давамгайлсан танхим улс төрийн зорилго илүү үнэртүүлж байна. Тэр дундаа эрх баригч намын дотоод өрсөлдөөнийг мэддэг хүмүүсийн хувьд энэ бүхэн бүр ч сонирхолтой харагдаж байгаа биз. Нийслэлийн намын байгууллагын удирдлага, нийслэлийн улс төрийн нөлөөллийг гартаа атгаж байсан хүний байр суурь ганхах нь зарим хүнд таатай мэдээ байх нь ойлгомжтой. Энэ сонсгол үнэхээр улс төрийн зорилготой бол МАН-ын хаан болон түүний ордны алиалагч нарт Х.Нямбаатарыг бүдрэхийг харах шиг сайхан боломж ховор тохиох биз. Гэвч олон нийтэд МАН дотор хэнийгээ тасдаж хаях нь чухал биш харин татвар төлөгчдийн мөнгө хэрхэн зарцуулагдсан, ямар төсөл үр дүнтэй байсан, аль нь алдаа гаргасан бэ гэдэг бодит үнэн юм.
Нөөцийн махны бодлогоор далимдуулан Х.Нямбаатарыг улс төрийн хувьд онилж байна гэсэн шүүмжлэл гарахтай зэрэгцэн махны үнэ буурсан гэх мэдээллүүд олноор түгэх болов. Гэтэл иргэд зах худалдааны төвүүд дээр бодит үнээ өөрсдөө харж байгаа. Өчигдөр хүртэл өндөр байсан үнэ өнөөдөр гэнэт хэдэн мянган төгрөгөөр буурсан гэх мэдээлэлд хүмүүс итгэхгүй байгаа нь ч аргагүй. Иргэдийн түрийвч ямар байгааг телевизийн мэдээ биш, дэлгүүрийн лангуу хэлээд өгчихөнө. Парламентын хяналт бол ардчиллын чухал механизм. Гэхдээ тэр нь улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болж хувирвал үнэ цэнээ алдах нь тодорхой. Өмнөх сонсголуудаар ч улстөрчид хий цам харайснаас үр дүн авчраагүй. Өнөөдрийн сонсгол үнэхээр нийслэлийн төсвийн зарцуулалтад хяналт тавих зорилготой байсан бол хамгийн түрүүнд асуултын бай болсон хүмүүсээ танхимдаа суулгаж байгаад асуух ёстой байлаа. Тэгж чадахгүй бол энэ сонсгол төсвийн үнэн мөнийг тогтоох бус, улс төрийн жүжиг болсон, цаг хугацаа үрсэн өдөр болоод л өнгөрөх биз...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ