ӨНДӨР ДҮНТЭЙ БАРИМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТ БА НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ, ИРГЭД ЮУГ АНХААРАХ ВЭ?

img

 

Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын татварын улсын байцаагч Г.Сольсүрэнтэй өндөр дүнтэй төлбөрийн баримтын баталгаажуулалтын талаар ярилцлаа.

НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор өндөр дүнтэй төлбөрийн баримтын асуудал иргэдийн анхаарлыг их татдаг. Өндөр дүнтэй баримт гэж ямар баримтыг хэлдэг вэ?

НӨАТ-ын урамшууллын буюу хоёр хувийн буцаан олголт авч байгаа татвар төлөгчдийн хувьд татварын байгууллага хуульд заасны дагуу тодорхой хяналт хэрэгжүүлдэг. Ялангуяа өндөр дүнтэй буюу 10 сая төгрөгөөс дээш худалдан авалтын бүх төлбөрийн баримтыг татварын алба шалгаж баталгаажуулдаг.

Иргэдийн дунд нэг асуулт их гардаг. 10 сая төгрөг гэдэг нь нэг сарын нийт худалдан авалтын дүн юм уу, эсвэл нэг удаагийн худалдан авалт уу?

Нэг удаагийн худалдан авалтын дүнг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэн нэг удаад 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн бол тухайн баримтыг өндөр дүнтэй төлбөрийн баримт гэж үзнэ.

Буцаан олголт авахын тулд ямар шалгуур хангах ёстой вэ?

Нэгдүгээрт тухайн худалдан авалт нь тухайн хувь хүний хэрэгцээнд зориулсан байх ёстой. хуулийн этгээдийн үйл ажиллагааны зориулалттай худалдан авалт байж болохгүй.

Хоёрдугаарт төлбөрийн баримт нь худалдан авалт хийсэн хүний өөрийн нэр дээр бүртгэгдсэн байх шаардлагатай. Сүүлийн үед иргэдээс “өндөр дүнтэй баримтын баталгаажуулалт удааширч байна” гэсэн асуулт их ирж байгаа. Манай байгууллага цахимжилтын хүрээнд цаашид буцаан олголт авах хүсэлтийг бүрэн цахимаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Буцаан олголт авахын тулд яагаад хүсэлт гаргах шаардлагатай вэ?

Олон хүн “баримтаа бүртгүүлчихсэн байхад яагаад дахин хүсэлт гаргах ёстой юм бэ?” гэж асуудаг. Учир нь төсвөөс мөнгө буцаан олгож байгаа учир тухайн иргэн өөрөө хүсэлтээ баталгаажуулсан байх шаардлагатай.

Ингэснээр Нэгдүгээрт иргэн хэдий хэмжээний буцаан олголт авах гэж байгаагаа мэдэж байх ёстой. Хоёрдугаарт системийн алдаа, мэдээллийн зөрүүнээс шалтгаалан буцаан олголт өөр хүнд шилжих зэрэг эрсдэл үүсэхээс сэргийлж байгаа юм. Практик дээр иргэд өөрсдийн худалдан авалтын баримтыг гэр бүлийн гишүүдийн бүртгэл дээр уншуулсан байдаг тохиолдол маш их гардаг. Энэ нөхцөлөөс болоод баталгаажуулалт удааширдаг. Хэрэв баримт худалдан авагчийн нэр дээр бүртгэлтэй байвал систем автоматаар шалгаж, буцаан олголтын ажиллагаа илүү хурдан явагдана.

Өндөр дүнтэй баримт хэр их байдаг вэ?

Нийт бүртгэгдэж байгаа төлбөрийн баримтын тоотой харьцуулахад харьцангуй цөөн байдаг. 2025 онд нийт 40 мянга орчим өндөр дүнтэй төлбөрийн баримтыг хянаж шалгасан байна.

Ямар тохиолдолд цуцалдаг вэ?

Хувийн хэрэглээний худалдан авалт болох нь нотлогдохгүй байх, шаардлагатай нотлох баримт ирүүлээгүй байх зэрэг шалтгаан байдаг.

Одоогийн байдлаар 2025 оны буцаан олголттой холбоотойгоор 4600 орчим баримтын эзэмшигч хүсэлтээ ирүүлээгүй байгаа.

Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс буцаан олголтоо авч чадахгүй болох эрсдэлтэй гэсэн үг үү?

Тийм. Бид яг энэ мэдээллийг иргэдэд хүргэхийг зорьж байна. 2026 оны эхний таван сарын байдлаар 16 мянга гаруй өндөр дүнтэй баримтыг хянаад байна. Үүнээс ердөө долоон мянга орчимд нь хүсэлт ирсэн байгаа. Харин үлдсэн есөн мянга гаруй хүн хүсэлтээ илгээгээгүй байна. Тиймээс иргэд “10 сая төгрөгөөс дээш дүнтэй баримт бол хүсэлт гаргаж байж буцаан олголт авдаг юм байна” гэдгийг мэдэх хэрэгтэй.

Иргэд eBarimt дээрээ ямар төлөвүүдийг анхаарч харах ёстой вэ?

Төлбөрийн баримтыг бүртгэсний дараа системд дараах үндсэн төлөвүүд харагддаг.

  1. Хүлээгдэж байгаа
  2. Хянагдаж байгаа
  3. Баталгаажсан
  4. Цуцлагдсан
  5. Буцаагдсан

“Хүлээгдэж байгаа” төлөв юу гэсэн үг вэ?

Систем автоматаар шалгалт хийхээр ажиллаж байгаа гэсэн үг. Үүний дараа “Хянагдаж байгаа” төлөвт шилжинэ.

“Хянагдаж байгаа” төлөв ямар утгатай вэ?

Энэ үед тухайн баримт хууль, журмын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж байдаг. Иргэн яг энэ үед хүсэлтээ цахимаар илгээх шаардлагатай.

Хүсэлтээ аппликэйшнаар илгээх үү?

Үгүй. ebarimt аппликэйшнаар биш, ebarimt.mn веб сайтаар нэвтэрч хүсэлтээ илгээдэг. Аппликэйшнд ордог нэвтрэх нэр, нууц үгээрээ веб сайт руугаа орж хүсэлтээ явуулна. Баталгаажсан төлөвтэй болсон баримтын буцаан олголт дараагийн улирлын хуульд заасан хугацаанд олгогдоно.

Тэр даруйдаа мөнгө орно гэсэн үг биш байх нь ээ?

Тийм. Шууд маргааш нь орно гэсэн үг биш. Хуулийн хугацаандаа, дараагийн улиралд олгогдоно.

“Цуцлагдсан” төлөвтэй болсон бол буцаан олголтоо бүр мөсөн алдсан гэсэн үг үү?

Үгүй. Нотлох баримт дутуу ирүүлсэн зэрэг шалтгаанаар цуцлагдсан бол шаардлагатай материалаа бүрдүүлээд харьяа татварын алба эсвэл Татварын ерөнхий газарт дахин хүсэлт гаргах боломжтой. Тиймээс цуцлагдсан гэсэн төлөв гарлаа гээд буцаан олголтоо бүрэн алдлаа гэж ойлгож болохгүй.

“Буцаагдсан” төлөв ямар шалтгаантай вэ?

Зарим иргэн буцаан олголт нь шилжихгүй байгааг гайхдаг. Ихэнхдээ бүртгэлийн мэдээллийн зөрүүтэй холбоотой байдаг. Жишээлбэл банкны дансны мэдээлэл, регистрийн дугаар, хувийн мэдээлэл хоорондоо зөрсөн бол гүйлгээ амжилтгүй болж буцаагдана.

Ийм тохиолдолд иргэн өөрийн мэдээллээ засварлаж шинэчилсний дараа гүйлгээг дахин хийх боломжтой болдог.

Өндөр дүнтэй баримт ихэвчлэн ямар худалдан авалтаас үүсдэг вэ?

Ихэнхдээ үл хөдлөх хөрөнгө болон автомашины худалдан авалтаас үүсдэг. Үл хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөх эрхийн лавлагаа шаардлагатай байдаг. Одоо төрийн цахим үйлчилгээ хөгжсөн учраас иргэд E-Mongolia системээс холбогдох лавлагаагаа авч хавсаргах боломжтой болсон. Мөн гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгүүлсэн баримтын хувьд гэрлэлтийн гэрчилгээ зэрэг харилцан хамаарлыг нотлох баримт шаардагдаж болно. Автомашины хувьд мөн адил өмчлөх эрхийн бүртгэлийн мэдээлэл шаардлагатай. Бусад бараа бүтээгдэхүүний худалдан авалтын үед төлбөр төлсөн болохыг нотлох баримт ирүүлэхэд хангалттай байдаг.

Эцэст нь иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

Хамгийн гол нь худалдан авалтын баримтаа өөрийн нэр дээр бүртгүүлж хэвших хэрэгтэй. Мөн ebarimt систем дэх төлөвөө тогтмол шалгаж, өндөр дүнтэй баримт бүртгэгдсэн бол хүсэлтээ цаг тухайд нь илгээх хэрэгтэй. Бид татвар төлөгчдөд сануулах зорилгоор мессеж, цахим шуудангаар мэдээлэл тогтмол хүргэж байгаа. Тиймээс холбоо барих мэдээлэл болон банкны дансны мэдээллээ үнэн зөв бүртгүүлж, шинэчилж байхыг зөвлөе.

2025 оны буцаан олголтын баталгаажуулалтын хугацаа хэзээ дуусах вэ?

2025 оны НӨАТ-ын буцаан олголттой холбоотой хяналт, баталгаажуулалтын хуульд заасан хугацаа 2026 оны зургаадугаар сарын 30-нд дуусна. Тиймээс өндөр дүнтэй худалдан авалт хийсэн иргэд хүсэлтээ хугацаанд нь илгээж, баримтынхаа төлөвийг шалгаж, шаардлагатай материалыг бүрдүүлэх хэрэгтэй байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ