Н.УЧРАЛД ЗАНАЛХИЙЛЖ БУЙ “НАМЫН ДОТООД ДАЙН”
Ерөнхий сайд гадаадад, улс төрийн тоглолт дотоодод...гээд хэлчихвэл буруудахгүй ээлжит нэгэн үйл явдал улстөрийн хүрээнд өрнөж байгаа сурагтай. Угаас сүүлийн үеийн амны уншлага болоод байгаа АН-ын 42, МАН-ын дотоод ашиг сонирхлын огтлолцол, “Их тэнгэр”-ийн уулзалт гэх ярианууд нэг цэг рүү зааж байна.
Манайд Засгийн газар унагах тухай яриа Засгийн газар байгуулагдсанаасаа хойш удалгүй эхэлдэг болсон нь шинэ зүйл биш л дээ. Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад таван сар ч болоогүй байна. Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сарын эхээр Ерөнхий сайд Н.Учрал танхимаа бүрдүүлж, УИХ-аар Засгийн газрын гишүүдээ баталгаажуулсан. Долдугаар сарын 7-нд Засгийн газар 100 хоногийнхоо ажлыг тайлагнаж байв. Гэтэл 100 хоногийн босго даваад удаагүй Засгийн газрын хувь заяа намрын улс төрийн эхний том тоглолтын нэг болж хувирах шинжтэй болоод эхэллээ.
“УНАГАХ УУ, ҮЛДЭЭХ ҮҮ?”
Зургадугаар сард АН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах асуудлыг ил тод ярьж, гарын үсэг цуглуулах тухай мэдэгдэл хүртэл хийсэн. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Н.Учралыг огцруулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулна” гэж мэдэгдсэн нь Засгийн газрыг солих тухай яриа зүгээр нэг сошиалын хов биш гэдгийг харуулсан бодит улс төрийн дохио байлаа. Гэхдээ түүнээс хойш улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөв. Засгийн газар төсвийн тодотгол өргөн барилаа. 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт ярьж эхэллээ. Өөрөөр хэлбэл Н.Учралын Засгийн газар “ажиллахгүй нь тодорхой болсон” гэх улс төрийн шүүмжлэлээс гарах гэж бодлогын талбар дээр өөрийн картуудаа дэлгэж эхэлсэн гэсэн үг. Тиймээс одоо асуудал “Н.Учрал сайн ажиллаж байна уу, муу ажиллаж байна уу?” гэдгээс давж, “Энэ Засгийн газрыг яг одоо унагаах нь хэнд хэрэгтэй вэ?” гэдэг асуулт руу шилжиж байна гэсэн үг юм.
СОНГУУЛЬ ОЙРТОХ ТУСАМ ЯАГААД ЗАСАГТ ОРОХ ГЭЖ?
Энд хамгийн сонирхолтой парадокс бий. Сонгууль ойртож байгаа үед сөрөг хүчин Засгийн газарт хамтарч орж, улс төрийн хариуцлагыг хамт үүрэх сонирхолтой байх уу? Эсвэл эсрэгээрээ, Засгийн газрыг унагаж, эрх баригчдын нэр хүндийг унагаах нь илүү ашигтай юу? Ердийн улс төрийн логикоор бол сөрөг хүчин эрх баригчдын алдаа бүрийг улс төрийн капитал болгохыг хүснэ. Засгийн газрын хүндрэл бүрийг сонгуулийн сурталчилгааны материал болгоно. Тэгэхээр АН-ын хувьд Засгийн газрыг унагаах оролдлого хийх шалтгаан байж болно. Гэхдээ энд бас нэг асуулт байна. Засгийн газрыг унагаасны дараа дараагийн Засгийн газрыг хэн байгуулах вэ? Хэрэв АН шинэ Засгийн газрыг байгуулахад оролцвол өнөөдөр шүүмжилж байгаа асуудлуудынхаа хариуцлагыг маргааш өөрөө үүрэх болно. Иймээс улс төрийн цаадах тооцоо нь “Засагт орох” бус, “Засгийн газрын бүтэц, эрх мэдлийн хуваарилалтыг өөрчлөх” дээр төвлөрч байгаа эсэх нь илүү сонирхолтой байна.
42+ ГЭЖ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ?
УИХ 126 гишүүнтэй. Тиймээс “42+” гэх тоо улс төрийн хүрээнд яригдаж байгаа бол энэ нь зүгээр нэг тоо биш. Ямар нэгэн шийдвэрийг урагшлуулахад хангалттай хэмжээний улс төрийн бүлэглэл бий болж байгаа эсэх асуудал юм. Гэхдээ АН-ын 42 гишүүн Н.Учралын Засгийн газрыг унагахаар тохирсон гэх мэдээлэл одоогоор албан ёсоор баталгаажаагүй. Харин АН-ын зүгээс Ерөнхий сайдыг огцруулах тухай гарын үсэг цуглуулах байр суурь өмнө нь ил тод гарч байсан нь бодит баримт. Тэгэхээр одоогийн улс төрийн тоглолтыг “тохироо аль хэдийн хийгдсэн” гэж дүгнэхээсээ илүү тохироо хийх улс төрийн хөрс бүрдэж байна уу? гэж харах нь илүү зөв байх.
Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН НЭР ЯАГААД ДАХИН ГАРЧ ИРЭВ?
Засгийн газар унах тухай яриа гарах бүрд МАН-ын дотоод эрх мэдлийн тэнцвэрийн асуудал дагалддаг нь жам болж. Д.Амарбаясгалан бол энэ намын дотоод улс төрд жинтэй тоглогч хэвээр. Тиймээс Н.Учралын Засгийн газрыг унагах тухай яриа гармагц “МАН-ын дотоодын ямар бүлэглэл хэнд ашигтайгаар хөдөлж байна вэ?” гэсэн асуулт дагаад гарч ирэх нь гарцаагүй. Хөшигний ард мань хашир Д.Амарбаясгалан АН-ын зарим гишүүнтэй хамтран Засгийн газрыг унагах тохироо хийчихсэн гэх нь оргүйгээс боссон хов биш байх. Угаас улс төрийн логикийн хувьд МАН-ын дотоод өрсөлдөөн, АН-ын Засгийн газрыг огцруулах сонирхол хоёр тодорхой нөхцөлд огтлолцох нь тодорхой. Мэдээж энэ огтлолцол өнөөдрийн хамгийн сонирхолтой “саарал бүс” юм.
“ИХ ТЭНГЭР”-ИЙН ЯРИА БА СОШИАЛЫН ДАЙН
Сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнд “Их тэнгэр”-ийн уулзалт, Засгийн газрыг авч үлдэх тухай тохироо хийсэн гэх яриа тархаж, үүнийг дагасан сошиалын хоёр талын дайралт хүчтэй өрнөсөн. Манай улс төрд энэ мэт тохироо бодит болохын өмнө “сошиалын урьдчилсан дайн” эхэлдэг болжээ. Хэн нэгнийг “урвагч” гэж зарлана. Нөгөө тал нь “халаасны хүн” гэж цоллоно, цоллуулна. Дараа нь нэр бүхий улс төрчдийн эсрэг мэдээлэл цуварна. Түүний дараа парламентын танхимд улс төрийн байр суурь илэрнэ. Өөрөөр хэлбэл сошиал бол улс төрийн тохирооны өмнөх байлдааны талбар болон хувирчээ.
САЙД НАРЫГ “НЭГ НЭГЭЭР НЬ АВАХ” ТАКТИК ҮҮ?
Улс төрийн хүрээнд АН-ын зарим гишүүн Н.Учралын Засгийн газрын сайд нарыг тус бүрээр нь онилж, нэг нэгээр нь шахах, огцруулах үндэслэл бүрдүүлэх чиглэл өгсөн гэх яриа ч гарч байна. Ерөнхий сайдыг шууд онилохоос өмнө танхимын гишүүдийг нь нэг нэгээр нь ноолох ч боломжгүй хувилбар биш л дээ. Товчхондоо Засгийн газрын дотоод нэр хүндийг унагах. Тэгээд эцэст нь “Н.Учрлын танхим ажиллах чадваргүй болсон” гэсэн улс төрийн дүгнэлт рүү очих. Хэрэв ийм стратеги үнэхээр хэрэгжиж байгаа бол Засгийн газрыг шууд “тонгорох” бус, дотроос нь тэнцвэрийг нь алдагдуулах улс төрийн мэх байж мэднэ.
Н.УЧРАЛЫН ХАМГИЙН ТОМ СОРИЛТ
Н.Учралын Засгийн газар байгуулагдаад 100 хоног ч болоогүй байхад сөрөг хүчний зүгээс огцруулах шаардлага гарч байсныг бодоход энэ танхим анхнаасаа улс төрийн хувьд тайван усанд сэлээгүй. Өнөөдөр харин нөхцөл байдал улам сонирхолтой болж байна. Ерөнхий сайд гадаад харилцаа, эдийн засгийн асуудлаар ажиллаж байх зуур дотооддоо улс төрийн тооцоо явж байна гэх хардлага энд тэндгүй л байна. Түүнийг буцаж ирэхэд нь ямар улс төрийн зураглал угтах бол?
ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГАХ ТУХАЙ ЯРИА ХЭЗЭЭНЭЭС ЭХЭЛСЭН БЭ?
Н.Учралын Засгийн газар бүрдэх үеэр ч “энэ Засгийн газар богино настай байж магадгүй” гэсэн улс төрийн таамаг явж байсан. Харин хаврын чуулган өндөрлөж, намрын улс төр эхлэх дөхөх тусам хүчтэй сэдэрч байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн яриаг гэнэт бий болсон зүйл гэж харах аргагүй. Засгийн газар байгуулагдсан өдрөөсөө эхлээд л түүний амьдрах хугацаа улс төрийн ярианы сэдэв болчихсон л байсан.
ЭНЭ БОЛ Н.УЧРАЛЫН ТУХАЙ БИШ, ДАРААГИЙН ЗАСГИЙН ТУХАЙ АСУУДАЛ
Эцсийн дүндээ Н.Учралын Засгийн газар үлдэх эсэх нь ганц түүний асуудал биш. Хэрэв энэ Засгийн газар унавал дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ? Ямар намууд хамтрах вэ? Ямар сайд нар суудлаа хадгалах вэ? Ямар сайд нар шинээр орж ирэх вэ? Ямар бүлэглэл ямар салбарыг авах вэ? гээд явж өгнө. Хамгийн гол нь өнөөдөр Н.Учралыг унагаахаар санал нэгдэж байгаа хүмүүс маргааш хэний Засгийн газрыг байгуулах дээр санал нэгдэх бол?
За юутай ч “Засгийн газрыг унагах гэж байна” гэх шуугианы цаана үнэхээр Засгийн газар унагах тохироо явж байна уу, эсвэл МАН-ын дотоодын эрх мэдлийн тэнцвэрийг шинээр тогтоох улс төрийн урьдчилсан тоглолт уу гэдгийг намрын улс төр өөрөө харуулна. Ерөнхий сайд гадаадад байх хэдхэн хоногт дотоодын улс төрд хөзөр дахин холилдож мэднэ. Хэн хэний талд суух вэ гэдгээс илүүтэй, хэн хэний эсрэг суух вэ гэдэг л одоо хамгийн сонирхолтой үйл явц болно доо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ