60 ИХ НАЯДЫН ''ҮЛГЭР''

img

 

Б.Энхбаяр “Төрийн өмчит компаниуд 60 их наядын хөрөнгөтэй. Энэ их мөнгийг хэдхэн захирал мэддэг тогтолцоо авлигыг тэжээж ирсэн. Одоо мөнгийг төсөвт төвлөрүүлж, цалин, тэтгэвэрт зарцуулна. Үр дүнд нь ард түмэн хожно” гэж мэдэгдэв.

Ард түмэнд таатай, сонсголонтой л юм. Гэхдээ 60 их наяд төгрөг үнэхээр бэлэн мөнгө юм уу? Хэрэв биш бол Засгийн газар яг юуг нь төсөвт төвлөрүүлэх гэж байгаа вэ? Энэ асуултын хариу тодорхой болохоос нааш гоё үгэнд нь итгэмээргүй байна.

 60 ИХ НАЯД БОЛ БЭЛЭН МӨНГӨ БИШ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр төрийн өмчит компаниудын нийт хөрөнгийг 60 их наяд төгрөг гэж тайлбарласан. Харин өмнөх парламентын хэлэлцүүлгийн үеэр төрийн өмчит 100 компанийн 2023 оны мэдээлэлд үндэслэн нийт хөрөнгө нь 60 их наяд орчим боловч хөрөнгийн өгөөж ердөө 3.5 хувь байсан талаар дурдсан байдаг. Компанийн 60 их наядын хөрөнгө гэдэгт үйлдвэр, станц, дэд бүтэц, барилга байгууламж, тоног төхөөрөмж, хувьцаа, бусад хөрөнгө багтана. Тэр бүхнийг өнөө маргаашгүй зараад 60 их наядыг төсөвт хийчих боломжгүй. Тэгэх ч ёсгүй. Тиймээс Засгийн газар “60 их наядын хөрөнгийг төсөвт төвлөрүүлнэ” гэсэн ойлголт төрүүлж байгаа бол энэ нь олон нийтэд маш тодорхой тайлбарлах ёстой асуудал. Учир нь бэлэн мэт ярьсан 60 их наядыг чинь хэнчиг л сонссон тэгвэл миний цалин яагаад нэмэгдэхгүй байгаа юм бэ?” гэж асуух нь аргагүй биз дээ.

Төсөв 30-40 их наяд болсон нь ард түмний халаасанд 10 их наяд орсон үг биш

Б.Энхбаяр 2027 оны төсөв 30 их наядаас 40 их наяд болж харагдаж байгаа нь шинээр мөнгө хэвлэсэн хэрэг биш, төрийн өмчит компаниудын зарцуулалтыг нэгдсэн төсөвт оруулж ирж байгаатай холбоотой гэж тайлбарласан. Энэ бол төсвийн бүтцийн хувьд тайлбарлах боломжтой зүйл. Гэхдээ төсөв 10 их наядаар өслөө гээд иргэдийн орлого 10 их наядаар нэмэгдчихгүй. Төсвийн орлого, зарлага хоёрын дотор төрийн өмчит компаниудын мөнгөн урсгалыг хэрхэн бүртгэж байгаагаас шалтгаалж нийт дүн өөрчлөгдөж болно. Тиймээс улс төрийн том сурталчилгаа хийхээсээ өмнө хэдэн төгрөгийн цэвэр ашиг төсөвт төвлөрөх вэ? хэдэн төгрөгийн ногдол ашиг авах вэ? хэдэн төгрөг нь компанийн үйл ажиллагааны зардал вэ? хэд нь өр төлбөрт зориулагдах вэ? хэд нь хөрөнгө оруулалт вэ? хэд нь үнэхээр цалин, тэтгэвэр нэмэхэд зарцуулагдах вэ? гэдгийг Засгийн газар нэг бүрчлэн хэлэх ёстой. Тоо тавьсан бол тайлбараа дагуул.

“Хэдхэн захирал мэддэг” тогтолцоо байсан бол тэд хэн бэ?

Б.Энхбаярын хэлсэн үгийг тогтож бодвол Монголчууд бид нийтээрээ “хэдхэн захирал мэддэг тогтолцоо авлигыг тэжээж ирсэн” юм байна. Тийм бол нэрсийг нь зарла.

Төрийн өмчит компаниудын засаглал муу, улс төрийн томилгоо, ил тод бус байдал, үр ашиггүй ажиллагаа асуудал дагуулсаар ирсэн гэх шүүмжлэл олон жил явж ирсэн. Монгол Улсад 100 гаруй төрийн өмчит компани, ойролцоогоор 60 мянган ажилтан, 58-60 их наядын хөрөнгийн багц бий гэсэн тоо өмнө нь ч дурдагдаж байсан. Тэгвэл авлигыг тэжээсэн захирлуудыг нэрлэхгүйгээр зөвхөн “тогтолцоо муу байсан” гэж ярих нь хариуцлагыг хийсвэр болгож буйтай агаар нэг. Тогтолцоо биш хүн мөн иддэг шүү дээ.

Хэрэв үнэхээр хулгай байсан бол хэн хулгайлсныг тогтоох ёстой. Хэрэв үр ашиггүй удирдсан бол хэн удирдсаныг тогтоох ёстой. Эс бөгөөс “авлигатай тэмцэж байна” гэсэн нэрийн дор хуучин захирлуудын оронд шинэ захирлууд суух эрсдэл л үлдэхээс өөр юу ч үгүй.

Өнгөрсөн тогтолцоог шүүмжлэхээс өмнө өнөөдрийн тогтолцоог харъя

Төрийн өмчит компаниудын мөнгийг хэдхэн захирал мэддэг байсан бол өнөөдөр тэр мөнгийг хэн мэдэх вэ? Засгийн газар уу? яам уу? төрийн өмчийн удирдлагын байгууллага уу? шинэ бүтэц үү? эсвэл өөр хэдхэн албан тушаалтан уу? Авлигын хаалгыг хаахын тулд тэр цонхыг шилэн болгох ёстой.

Ард түмэн яг хэзээ хожих вэ?

Энэ асуултад Засгийн газар тодорхой хариу өгөх цаг болсон. Хэрэв төрийн өмчит компаниудын шинэчлэл үнэхээр иргэдийн төлөө бол дараах таван тоог олон нийтэд сар бүр харуулахад л хангалттай. ТӨК бүрийн ашиг, алдагдал, төсөвт төвлөрүүлсэн ногдол ашиг, татвар, бусад орлого, захирлуудын цалин, урамшуулал, бону, худалдан авалт, тендер, гэрээний нийт дүн, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхэд ТӨК-ийн шинэчлэлээс яг хэдэн төгрөг зарцуулсан нь. Тэгвэл ард түмэн хэн нь худлаа ярьж, хэн нь үнэн ажиллаж байна гэдгийг өөрсдөө дүгнэчихэнэ.

 “Ард түмэн хожно” гэдэг үгийг хэтэрхий олон удаа сонссон, одоо залхаад байна шүү

Юм л бол “ард түмэн хожно” гэдэг үг манай улстөрчдийн амны уншлага болчихлоо. Татвар нэмэхдээ ч ард түмэн хожно гэдэг, үнэ нэмэхдээ ч ард түмэн хожно, хувьчлахдаа ч ард түмэн хожно, төрд төвлөрүүлэхдээ ч ард түмэн хожно гэдэг.Тэгээд яг ард түмэн хэзээ, хаана хожиж гийгүүлээд байгаа юм бэ? Тиймээс энэ удаа Засгийн газар тоо ярь. “60 их наядын хөрөнгө байна” гэж хэлэх хангалтгүй байна. “Тэр 60 их наядаас жилд хэдэн төгрөгийн бодит өгөөж бий болгож, үүнээс хэдийг нь иргэдэд хүргэнэ” гэдгийг хэл. “Цалин нэмнэ” гэж хэлэх чинь хангалтгүй байна. “Нэг хүнд дунджаар хэдэн төгрөгөөр, хэдийд, ямар эх үүсвэрээр нэмэх вэ” гэдгийг хэл. “Авлигатай тэмцэнэ” гэж хэлэх ч хангалтгүй. “Өмнө нь хэн, хэдий хэмжээний мөнгөөр, ямар шийдвэрээр хариуцлага алдсан бэ” гэдгийг хэл.

60 их наядын хөрөнгө жил бүр хэдэн төгрөгийн өгөөж бий болгож байна вэ гэдэг нь л чухал биз дээ. Хэрэв 60 их наядын хөрөнгөтэй атлаа өгөөж нь хангалтгүй бол төр өмчөө эзэмшиж байгаа биш, өмч хөрөнгөө түгжиж суугаа хэрэг. Ер нь тэгээд хариулт нь тодорхой байвал энэ чинь шинэчлэл. Түүнээс биш дахиад л “60 их наяд”, “авлигатай тэмцэнэ”, “ард түмэн хожно” гэсэн үг бол зүгээр л төсвийн тоон дээр хийсэн улстөрийн пиар шүү.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ