Баян-Өлгийд Казахстаны консул нээгдвэл тусгаар улс болчих уу?
Сүүлийн өдрүүдэд Баян-Өлгий аймагт Казахстан Улсын консулын газар байгуулах асуудал нийгмийн сүлжээнд өргөн хэлэлцүүлэг өрнүүлэв. Зарим улс төрчид болон олон нийтийн төлөөлөл үүнийг үндэсний аюулгүй байдалтай холбон тайлбарлаж, зарим нь бүр тусгаар тогтнолд заналхийлэх эрсдэл мэтээр дүрслэх оролдлого хийж байна. Гэвч асуудлыг сэтгэл хөдлөлөөр бус, олон улсын харилцаа, дипломат практик, төрийн институцийн ажиллагааны хүрээнд авч үзэх нь зүйтэй.
Консулын газар гэж юу вэ?
Олон нийтийн дунд хамгийн түгээмэл төөрөгдөл бол консулын газрыг улс төрийн нөлөөний төв, эсвэл гадаад улсын тусгаар нутаг мэтээр ойлгох явдал байна. Бодит байдал дээр консулын газрын үндсэн үүрэг нь тухайн улсын иргэдэд үйлчилгээ үзүүлэх, виз олгох, иргэдийн эрх ашгийг хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын хамтын ажиллагааг дэмжихэд оршдог. Консулын газар нь элчин сайдын яамнаас ялгаатай. Элчин сайдын яам нь улс төр, дипломат харилцааны төв байгууллага байдаг бол консулын газар нь үйлчилгээний болон бүс нутгийн чиг үүрэг давамгайлсан байгууллага байдаг юм. Дэлхийн олон оронд томоохон хотууд болон үндэстний цөөнх төвлөрөн суурьшсан бүс нутагт консулын газрууд ажилладаг бөгөөд энэ нь олон улсын харилцааны хэвийн үзэгдэл юм.
Консулын газар байгуулагдлаа гээд газар нутаг шилждэг үү?
Үгүй. Энэ бол хамгийн том ташаа ойлголт. Консулын газрын байр барилга нь Монгол Улсын нутаг дэвсгэр хэвээрээ үлдэнэ. Монголын хууль үйлчилсээр байна. Монголын төрийн бүрэн эрх хэвээр хадгалагдана. Тэнд амьдарч буй иргэд Монгол Улсын иргэн хэвээр байна. Өөрөөр хэлбэл консулын газар байгуулагдах нь аль нэг банкны салбар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай компанийн оффис нээгдэхтэй адил биш ч гэсэн нутаг дэвсгэрийн харьяалал өөрчлөгдөхтэй огт холбоогүй асуудал юм.
Ерөнхийлөгч нар яагаад энэ асуудлыг хэлэлцсэн бэ?
Монгол Улс, Казахстан Улс нь дипломат харилцаатай, стратегийн түншлэлээ өргөжүүлэхээр ажиллаж буй хоёр улс.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан Улсад айлчлах үеэр энэ асуудал яригдаж, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улсын Баян-Өлгий аймагт Казахстаны консулын газрыг нээхийг дэмжиж байгаад талархалтай хандаж буйгаа илэрхийлж байв.
Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр консулын газар байгуулах асуудал яригдсан нь санамсаргүй зүйл ч биш. Хэрэв тухайн санаачилга Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлэх эрсдэлтэй байсан бол төрийн тэргүүний түвшинд дэмжлэг авах нь бараг боломжгүй. Мэдээж Ерөнхийлөгч нарын яриа нь эцсийн эрх зүйн шийдвэр биш. Консулын газар байгуулах эсэхийг хоёр улсын Засгийн газар, Гадаад хэргийн яам, аюулгүй байдлын холбогдох байгууллагууд нарийвчлан судалж, зөвшөөрлийн бүх шат дамжлагыг хэрэгжүүлсний үндсэн дээр шийдвэрлэдэг. Гэвч төрийн тэргүүнүүд зарчмын түвшинд дэмжлэг үзүүлсэн гэдэг нь тухайн асуудлыг Монголын төр бүхэлдээ аюулгүй байдлын эсрэг гэж үзээгүй гэсэн дохио мөн.
Баян-Өлгийтэй холбоотой айдас хаанаас үүсэв?
Энэ маргааны цаана дипломат асуудлаас илүү нийгэм-сэтгэлзүйн хүчин зүйл ажиглагдаж байна. Баян-Өлгий аймаг нь казах үндэстэн төвлөрөн амьдардаг бүс нутаг учраас зарим хүмүүс консулын газар байгуулах асуудлыг үндэстний цөөнхийн асуудалтай хольж ойлгож байна. Гэвч орчин үеийн үндэстэн улс гэдэг нь иргэншил дээр тогтдог болохоос угсаатны нэгэн төрлөөр хэмжигддэг ойлголт биш. Монгол Улсын казах иргэд бол Монгол Улсын бүрэн эрхт иргэд бөгөөд тэдний үндэсний онцлог нь тусгаар тогтнолын асуудалтай автоматаар холбогдох үндэслэл болохгүй. Түүхийн бодит жишээнүүдийг харахад салан тусгаарлах хөдөлгөөнүүд консулын газар байгуулагдсанаас бус, харин төрийн сул дорой байдал, иргэний мөргөлдөөн, эдийн засгийн гүн хямрал зэрэг илүү том хүчин зүйлээс шалтгаалж үүсдэг байв.
Ийм төрлийн асуудал дээр улс төрчид нийгмийн айдас, үл ойлголцлыг нэмэгдүүлэх бус тайлбарлаж, бодит мэдээлэл өгөх үүрэгтэй. Ардчилсан нийгэмд аливаа санаачилгыг шүүмжлэх бүрэн эрх бий. Гэхдээ шүүмжлэл нь баримт, хууль эрх зүй, олон улсын практикт тулгуурлах ёстой. Хэрэв консулын газар байгуулах нь эрсдэлтэй гэж үзэж байгаа бол ямар хууль зөрчих, ямар аюулгүй байдлын эрсдэл үүсгэх, ямар олон улсын жишээ түүнийг нотолж байгаа талаар үндэслэлтэй тайлбарлах шаардлагатай. Харин зөвхөн айдас, сэрдлэг, үндэстний ялгааг хэт дөвийлгөсөн тайлбар нь асуудлыг шийдэхээс илүү нийгмийг талцуулах эрсдэлтэй. Баян-Өлгийд Казахстаны консулын газар байгуулах асуудал нь юуны өмнө дипломат болон консулын үйлчилгээний шинжтэй асуудал юм. Энэ нь өөрөө тусгаар тогтнол алдагдах, газар нутаг шилжих, эсвэл салан тусгаарлах үйл явцтай шууд холбоотой биш. Эцсийн шийдвэр гараагүй байгаа нөхцөлд эрсдэлийг судлах нь зөв боловч айдас дээр суурилсан улс төр хийх нь бодит дүн шинжилгээг орлох ёсгүй гэдгийг эрхэм гишүүн М.Нарантуяа-Нара мэдэхгүй бол мэдэж авах хэрэгтэй. Төрийн тэргүүнүүдийн түвшинд зарчмын дэмжлэг яригдсан нь уг асуудал үндэсний аюулгүй байдлын байгууллагуудын хараанаас гадуур явагдаж буй хэрэг биш, харин төрийн институцийн хяналт дор хэлэлцэгдэж буй дипломат асуудал билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ