Бизнесийн маргааныг далимдуулж, хууль хүчний байгууллагыг онилов уу
Сүүлийн өдрүүдэд Урьхан Б.Чинбат гэдэг хүний талаар “хууль хүчний байгууллагыг атгасан, мафийн системээр ажилладаг” гэх мэдээллүүд сошиал орчинд идэвхтэй тархаж байна. Энэ хүнийг цагдаа, прокурор, төрийн албан хаагчидтай холбон буруутгаж, улмаар “бизнесийг нь дээрэмдэхээр төрийн байгууллагыг ашигласан” гээд зогсохгүй тодорхой албан тушаалтнуудын нэр цохсон агуулгатай мэдээллүүд цацагдсан.
Уг нь энэ бол бизнесийн харилцаанаас үүссэн маргаан. Гэтэл энд санаатайгаар төрийн байгууллага, албан тушаалтнуудын нэрийг холбон олон нийтэд улс төржүүлэх оролдлого явагдаж байгаа бололтой.
Цагдаагийн байгууллага 2026 оны наймдугаар сарын 24-ны мэдээлэлдээ уг хэрэгт Б.Чинбат оролцогч биш, хувьцаа эзэмшигч болохыг тодорхой хэлсэн. Мөн В.Ганзоригтой холбоотой 5 сая ам.долларын гэрээ, 14.7 тэрбум төгрөгийн шилжүүлэг болон компанийн буцаан шилжүүлэлттэй холбоотой асуудлыг мөрдөн шалгаж байгааг мэдээлсэн.
Тэгвэл “Б.Чинбат цагдаа, прокурортой нийлж хүнийг шоронд хийсэн”, “хууль хяналтын байгууллагыг ашиглаж бизнесийг нь булаах гэж байна” гэх мэтээр дүгнэх нь ямар нотолгоонд тулгуурлаж байгаа вэ.
Хэн түрүүлж хэвлэлийн бага хурал хийсэн нь зөв гэсэн үг биш. Хэн түрүүлж бусдыг буруутгаж, гүтгэсэн байдлаар мэдээлэл тараасан нь үнэн тал болж хувирдаггүй.
Бизнесийн маргаанд хоёр тал байдаг.
Үнэн гэдэг хэн хэвлэл, олон нийтийг турхирч олон мэдээ гаргаснаар бус, баримтаар тогтоогддог.
Б.Чинбатын тухай цацагдаж буй “картел”, “Пабло Эскобар”, “рекетчин”, “хууль хяналтын байгууллагыг атгасан” гэх мэт мэдээллүүд бизнесийн маргаанаас хальж, үнэн хэрэгтээ бол хууль хүчнийхнийг онилсон нь тод харагдаж эхэллээ.
Бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон олборлолтын үйл ажиллагаатай холбоотой маргаан үүссэн. Тухайн маргаан хуулийн байгууллагад очсон байна. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн ЦЕГ өөрийн албан мэдэгдлээр Б.Чинбат тухайн хэргийн оролцогч биш гэж тодорхой мэдэгдсэн.
Ийм нөхцөлд мөрдөн шалгах ажиллагааны үр дүн гарахаас өмнө нэг талыг “гэмт хэрэгтэн”, “дээрэмчин”, “төрийн байгууллагыг ашиглагч” гэх мэтээр цоллож байгаа нь олон нийтийн ойлголтыг урьдчилан чиглүүлэх буюу тархи угаах ажиллагаа юм. Бүр цаашлаад төрийн байгууллагын албан хаагчдын нэр, зураг, албан тушаалыг бизнесийн маргаантай холбон нийтэлж, “төрийн систем бүхэлдээ нэг хүний талд ажиллаж байна” гэсэн ойлголт төрүүлэх нь маш анхаарал татах асуудал.
Хэрэв хууль бус үйлдэл хийсэн гэх бодит нотлох баримт байгаа бол түүнийг хуульд заасан журмаар холбогдох байгууллагад гаргаж өгөх ёстой. Харин нотлогдоогүй хардлагыг хэвлэлээр давтан тарааж, төрийн байгууллага болон албан тушаалтнуудыг бүхэлд нь хамаатуулж байгаагийн зорилго нь юу вэ.
Ямарч хэрэг хэвлэлд тараасан мэдээний сүржин гарчгаар бус, гэрээ, банкны гүйлгээ, компанийн бүртгэл, тусгай зөвшөөрөл, татвар төлөлт болон хууль хяналтын байгууллагын албан ёсны баримтаар эцэслэн шийдэгддэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ