ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАНА
ХУВААГДАЖ ТАЛЦСАН ЭНЭ ҮЕД ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭХ НЬ ЧУХАЛ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж, иргэдтэй уулзан, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцана.
Олон нийтийн зүгээс Ерөнхийлөгчийн энэ удаагийн уулзалтыг УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотойгоор үүсээд буй асуудалтай холбон тайлбарлаж байгаа. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газраас өгсөн мэдээллээр уг айлчлал нь дээрх асуудалтай холбоогүй бөгөөд аймаг орон нутагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсох, бүтээн байгуулалтын явцтай танилцах зорилготой аж.
Гэвч энэ асуудлыг зөвхөн нэг гишүүний үйлдэл, эсвэл нэг аймгийн хүрээнд авч үзэх боломжгүй хэмжээнд хүрч байна.
Сүүлийн өдрүүдэд М.Нарантуяа-Нара гишүүний олон нийтийн анхаарлын төвд орсон үйлдэл, байр суурийн улмаас нийгэмд талцал, хуваагдал бий болж, тэр дундаа үндэс угсаа, хэл соёлын ялгаатай байдлыг улс төрийн маргааны сэдэв болгох эрсдэл үүсээд буй.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол зөвхөн тодорхой нам, бүлэглэл, эсвэл аль нэг нутаг дэвсгэрийн төлөөлөл биш. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.
Тиймээс яг ийм үед төрийн тэргүүний байр суурь чухал.
Өнөөдөр Баян-Өлгийд ажиллаж буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдтэй уулзаж, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахын зэрэгцээ нийгэмд үүсээд буй талцал, үл ойлголцолд төрийн тэргүүний хувьд ямар байр суурьтай байгаагаа илэрхийлэх нь зүй ёсны асуудал юм.
Энэ нь хэн нэгнийг өмөөрөх, буруутгах тухай биш. Харин Монгол Улсын иргэн бүрийн эрх, нэр төр, эв нэгдэл, харилцан хүндэтгэлийг хамгаалах тухай асуудал. Улс төрчдийн нэгнийх нь хэлсэн үг, хийсэн үйлдэл нийгмийг талцуулж эхэлсэн үед төрийн тэргүүн дуугүй өнгөрөх бус, хуулиар хүлээсэн эв нэгдлийн бэлгэдлийн үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай. Ялангуяа Баян-Өлгий бол Монголын олон үндэстэн, угсаатны эв нэгдэл, харилцан хүндэтгэлийн үнэ цэнийг илэрхийлдэг онцгой газар. Тиймээс Ерөнхийлөгчийн өнөөдрийн зөвхөн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан уулзалт төдий бус, нийгэмд үүсээд буй талцал хуваагдлыг намжааж, Монгол Улсын иргэн бүр нэгэн адил эрхтэй, нэгэн улс орны иргэд гэдгийг сануулах боломж ч байж болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ