3.5 ТЭРБУМЫН АСУУДЛЫГ “ТҮГЖИЛ” ГЭДЭГ ҮГЭЭР ТҮГЖИХ ГЭЭД БАЙНА УУ?

img

 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ба түүний нөхөд төсвийн тодотголтой холбоотой баримтыг дэлгэсэн нь хоёр долоо хоног дамнан улстөрийн халуухан сэдэв болж буй.

Тэр нь Ерөнхий сайд Н.Учралын ээжийн үүсгэн байгуулсан “Их Засаг Кингс” сургуульд улсын төсвөөс 3.5 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт тусгах тухай мэдээлэл.

Тэгтэл Боловсролын сайд Л.Энх-Амгалан баримтын агуулгыг тайлбарлахын оронд асуудлыг гаргаж тавьсан хүмүүсийг “түгжил”, “төрийн хуйвалдаан зохион байгуулахыг оролдож байна” хэмээн нэрлэв. Тэр дундаа А.Ариунзаяа, О.Саранчулууныг нэрлэж, уг мэдээллийг улс төрийн зорилгоор зориуд гаргаж тавьсан гэх байр суурь илэрхийлсэн.

Л.Энх-Амгалан 3.5 тэрбумын тоог “худал” гэж хэлсэнгүй.

Тэр “батлагдаагүй төсөв”, “эксел файл”, “батлагдаагүй зардлыг сугалж гаргаж ирсэн” гэж тайлбарласан.

Тэгвэл батлагдаагүй байсан юм бол тэр 3.5 тэрбумын тоо хаанаас бий болов? хэний боловсруулсан файлд байв?, ямар шатанд байв? ямар үндэслэлээр “Их Засаг Кингс” нэрлэгдэв? яагаад хувийн сургуульд төсвийн хөрөнгөөр тоног төхөөрөмжийн санхүүжилт олгох төсөл яригдав? гээд энэ бүхнийг тайлбарлахын оронд асуудлыг сөхсөн хүнийг “түгжил” гэж нэрлэх нь өөрөө асуудлын хариулт мөн үү?

БАТЛАГДААГҮЙ ГЭДЭГ НЬ БАЙГААГҮЙ ГЭСЭН ҮГ БИШ

Төсөв батлагдаагүй гэдэгтэй маргах зүйлгүй. Угаас 2026 оны төсвийн тодотгол эцэслэн батлагдаагүй, гурав дахь хэлэлцүүлэгт шилжсэнээр ээлжит бус чуулган өндөрлөсөн. Гэхдээ парламент батлаагүй байна гэдэг нь төсвийн төсөл дотор ийм санал огт байгаагүй гэсэн үг биш. Угаасаа парламентын хэлэлцдэг төсөл гэдэг нь батлагдахаасаа өмнө олон шат дамждагийг хэн хүнгүй мэднэ. Тоо өөрчлөгдөнө, заалт нэмэгдэнэ, хасагдана, санал тусна, буцаагдана.

Тийм учраас 3,5 тэрбум төгрөг батлагдсан, батлагдаагүйдээ биш, “3.5 тэрбумын санал төсвийн ямар шатны баримтад, ямар үндэслэлээр орсон бэ?” гэдэг асуумаар байна, үүнд хариулмаар байна. “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд хувийн гурван сургуульд нийт 7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжилт тусгаснаас “Их Засаг Кингс”-д 3.52 тэрбум төгрөг ногдсон гэх мэдээлэл гарсан. Гэхдээ ийм тоо төсвийн боловсруулалтын аль нэг шатанд байсан эсэх нь шалгах ёстой асуудал мөн.

ТҮГЖИЛ ГЭДЭГ ҮГЭЭР АСУУЛТЫГ ТҮГЖИХ ХЭРЭГГҮЙ

Улс төрд нэг муухай зуршил тогтчихжээ. Асуудал гаргаж тавьсан хэн нэгний нэр цохно, давшилна. “Түгжил, хуйвалдагч, улс төрийн зорилготой, барьцаалагдсан гэх мэт... Ингээд асуудлын голд байгаа баримт биш, улстөрчдийн хоорондын хэрүүл болж дуусдаг. Энэ удаад ч яг ийм дүр зураг харагдаж байна. А.Ариунзаяа  гишүүн “би түгжил биш” гэж өөрийгөө өмгөөлөх шаардлагатай болов. Гэтэл төсвийн 3.5 тэрбумын асуудал хэвээрээ үлдихсэн, тэр мөнгө худал байсан уу? хэрэв худал бол баримтаар үгүйсгэх хэрэгтэй байнаа Л.Энх-Амгалан сайдаа... Тэр тоо төсвийн ямар ч файлд байгаагүй юм уу? байгаагүй бол эх файлыг үзүүл. Хэрэв байсан бол хэн оруулсан юм бэ?, ямар шалгуураар тухайн сургуулийг сонгосон юм бэ? яагаад Ерөнхий сайдын гэр бүлийн хамааралтай сургууль гэдэг асуудал үүсэхээр төсвийн санал гарсан юм бэ? Тиймээс батлагдаагүй учраас ярих ч хэрэггүй гэсэн логик байж болохгүй. Төсвийн санал гэдэг өөрөө хяналт тавих ёстой баримт. Хэрэв төрийн өндөр албан тушаалтны ойрын хамаарал бүхий этгээдтэй холбоотой байгууллагад улсын төсвөөс олон тэрбумын санхүүжилт тусгах санал гарсан бол тэр нь батлагдсан эсэхээс үл хамаараад ил тод тайлбарлах ёстой асуудал мөнөөс мөн. Тэр тусмаа асуудлыг тавьсан гишүүнийг “түгжил” гэж цоллоод өнгөрөх биш.

Тиймээс тэр мөнгө хаашаа явах гэж байсныг гаргаж тавьсан гишүүнийг “түгжил” гэж нэрлэхээсээ өмнө яагаад тийм санал төрийн төсвийн файлд орсныг тайлбарлах нь төрийн албан тушаалтны хийх ёстой ажил. 3.5 тэрбум батлагдаагүй байж болох ч батлагдаагүй гэж үзээд хааж болохгүй. Харин ч төсөв батлагдсаны дараа биш, батлагдахаас нь өмнө хэн юу хийж байсныг мэдэх нь л парламентын хяналт биш юм уу?

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
EnhAmaglan bolioche.Uchral burhanuu.yagaad hamgaalaad bga uom.huviin muu surguuli tugssen pop nuher.hel us ch ugui.Heden hugshin uhna bolson saiduudad bazuulsan.Nymsamand nuhriin helj yrij bga unen.buh salbart meregjiliin bus haan.songogdson aimagiin buh gazar.ajil uilchilgeeg bulaasan t1 uomnuud bii bolson.
2026-09-15