С.АМАРСАЙХАНЫГ ДАГАЖ ЮУ ӨРНӨХ ВЭ?
Намрын чуулганы эхлэл, эрх баригч намын дотоод бүлэглэл, С.Амарсайханы чөлөөлөлт нэг цэг дээр огтлолцож буйг хэн хүнгүй харж, ажиж байна.
“МАН хуваагдсан уу?” гэдэг ч сонин байхаа болж, харин МАН дотор аль тал нь улс төрийн нөлөөгөө хадгалж үлдэх вэ гэдэг асуудал болж байна. Учир нь МАН-ын дотоод зөрчил сүүлийн саруудад зөвхөн үзэл бодлын ялгаа байхаа больж, парламент дахь саналын тоо, Засгийн газрын томилгоо, намын удирдлагын байр суурь гэсэн гурван өөр талбарт зэрэг илэрч байна.
Өнгөрсөн хавар МАН-ын бүлэг 30 ба 38 гэсэн хоёр талд хуваагдсан. Улмаар Засгийн газар ч энэ шинэ харьцааг тойрч гарч чадалгүй бүрэлдсэн. Тиймээс Булган дахь уулзалт нь айраг, сархад байсан гэдгээс халирч 30-ын бүлэг өөрийгөө парламентын доторх зохион байгуулалттай улс төрийн хүчин хэвээр гэдгээ харуулах шаардлагатай болсон. Булган аймагт болсон уулзалтад 20 гаруй гишүүн оролцсон бөгөөд Шадар сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн А.Ундраа нар мөн оролцсон. Н.Номтойбаяр өөрөө “айраг уух гэж очоогүй” хэмээн тайлбарласан нь тэр уулзалт улс төрийн зорилготой байсныг хэлчихсэн юм.
2026 оны төсвийн тодотголыг Засгийн газар наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлэхдээ төрийн зардлыг 1.4 их наяд төгрөгөөр бууруулах бодлого танилцуулсан. Төсөв батлуулахын тулд Засгийн газарт парламентын тогтвортой дэмжлэг хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нам доторх бүлэглэлүүдийн маргаан хамгийн түрүүнд мөнгөний бодлого, төсөв, томилгоо, хууль тогтоомж дээр бодитоор харагддаг. Тийм учраас намрын чуулганы эхлэлтэй давхцсан Булганы уулзалтыг “хэн хэний талд байна вэ?” гэсэн улс төрийн зураглалын нэг хэсэг гэж харах боломжтой. Гэхдээ үүнээс ч илүү сонирхолтой зүйл бий. 30-ын талд хэчнээн хүн байгаа нь нэг асуудал. Тэднийг нэг санал болгон зангидах чадвар нь өөр асуудал.
С.Амарсайханыг чөлөөлсөн нь энэ тэнцвэрийг өөрчилсөн үү?
Есдүгээр сарын 16-нд Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон тус яамны харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг чөлөөлсөн. Ерөнхий сайдын тайлбарласнаар хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын хэвийн ажиллагаанд нөлөөлөх хэмжээнд хүрсэн бөгөөд холбогдох асуудлыг шалгаж, үнэн зөвийг тогтоох хүртэл хамтран ажиллах боломжгүй гэж үзсэн юм. С.Амарсайханы ард парламентын тодорхой бүлэг гишүүдийн улс төрийн байр суурь бий. Тиймээс сайдын суудал солигдсон нь Засгийн газарт халаа, сэлгээ хийгдсэн төдийхнөөр дуусах уу, эсвэл парламент дахь дотоод харьцаанд нөлөөлөх үү гэдэг нь одоо л харагдана. С.Амарсайхан чөлөөлөгдөхийн өмнөхөн өөрийн мэдээлэлдээ Ерөнхий сайд асан Г.Занданшатартай холбоотой хэд хэдэн ноцтой мэдэгдэл хийсэн. Үүний хариуд Г.Занданшатар эдгээрийг ор үндэсгүй худал мэдээлэл хэмээн няцааж, өөрийн байр суурийг илэрхийлж амжив. Мөн С.Амарсайханы мэдээлэлд нэр нь дурдагдсан зарим албан тушаалтнуудын асуудал сөхөгдсөн.
МАН-ын дотоод зөрчил өнөөдөр зөвхөн 30, 38 гэсэн маргаанаар хязгаарлагдахааргүй болж байна. Парламент дахь бүлэглэлүүдийн зөрчил, Засгийн газрын доторх эрх мэдлийн хуваарилалт, сайд нарын томилгоо, чөлөөлөлт, хууль хүчний байгууллагатай холбоотой асуудал зэрэг олон үйл явдал зэрэгцэн өрнөж байна. Хэрэв эдгээр асуудал цаашид нэг нэгнээ дагаж хурцдаж, парламент дахь бүлэглэлүүд тус тусын байр сууринаас шийдвэр гаргаж эхэлбэл МАН-ын дотоод зөрчил Засгийн газрын үйл ажиллагаанд шууд нөлөөлөх хэмжээнд хүрч мэднэ. Улмаар төсөв, томилгоо, хууль тогтоомж зэрэг төрийн чухал шийдвэрүүд улс төрийн дотоод тэмцлийн барьцаа болох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр МАН дотор өрнөж буй энэ тэмцэл төрийн шийдвэр гаргах үйл явцад нөлөөлж эхэлбэл улс төрийн хямрал руу хөтлөх нөхцөл бүрдэхийг үгүйсгэхгүй. Булган дахь уулзалтаар Я.Содбаатар, Б.Энхбаяр, Ж.Батжаргал нарын албан тушаалын асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд тархаж байна. Намын генсек, УИХ дахь бүлгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гэсэн гурван албан тушаал бол намын зохион байгуулалт, парламентын зохион байгуулалт, гүйцэтгэх засаглалын зохион байгуулалт гэж харах хэрэгтэй. Эдгээрийн аль нэг нь сулрахад л намын дарга, Ерөнхий сайдын улс төрийн маневрын хүрээ өөрчлөгдөнө.
Ерөнхий сайдад үлдсэн хамгийн том сорилт
Н.Учралын Засгийн газар төсөв, эдийн засгийн бодлого, төрийн зардал зэрэг бодит асуудлыг зэрэг шийдэх ёстой. 2026 оны төсвийн тодотголын төсөлд төрийн зардлыг танах бодлого туссан. Харин 2026 оны төсвийн анхны төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд, нийт зарлагыг 32.98 их наяд төгрөгөөр тооцож байсан. Төсөв бол Засгийн газрын бодлогоо хэрэгжүүлэх хамгийн том хэрэгсэл бөгөөд түүнийг батлах эсэхийг парламент шийднэ. Тиймээс МАН-ын дотоод зөрчил хурцдаж, бүлэглэлүүдийн улс төрийн байр суурь төсөв дээр илэрч эхэлбэл энэ тоонуудын цаана улс төрийн тэмцэл орж ирэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, хэн төсвийг хэрхэн батлуулах вэ гэдэг нь цаашлаад хэн Засгийн газрыг парламент дээр хэр хүчтэй барьж чадах вэ гэдгийг харуулах нэг хэмжүүр болж мэднэ.
Төсвийг батлуулахын тулд Засгийн газар УИХ-ын олонхийн дэмжлэгийг авах шаардлагатай. Харин эрх баригч намын доторх бүлэглэлүүд байр сууриа өөрчилж, Засгийн газрын шийдвэр бүр дээр өөр өөр саналтай болж эхэлбэл Засгийн газар парламентдаа дэмжлэг авахын тулд дотоод улс төрийн тохиролцоо хийх шаардлагатай болно. Ийм үед нэг сайд чөлөөлөх, нөгөөг нь томилох зэрэг шийдвэр хүртэл парламент дахь хүчний харьцаа, намын дотоод тохиролцоотой шууд холбогдох улс төрийн шийдвэр болж хувирна.
Одоо МАН-ын дотоод тэмцлийн дараагийн өрнөлийг дөрвөн зүйлээр харж болно.
Нэгдүгээрт, төсөв. 30-ын бүлэг Засгийн газрыг төсөв дээр дэмжих үү, эсвэл улс төрийн нөхцөл тавих уу?
Хоёрдугаарт, томилгоо. Сулрах албан тушаал бүр дээр хэний хүн очих вэ гэдэг нь дотоод хүчний харьцааг ил болгоно.
Гуравдугаарт, санал хураалт. Хэн хэнийгээ дэмжиж байгааг энэ удаа УИХ-ын саналын тоо харуулна.
Дөрөвдүгээрт, намын удирдлага. Засгийн газар, намын удирдлага, УИХ дахь бүлэг гурав нэг зүгт харж чадах уу гэдэг хамгийн том сорилт болно.
Хэрэв 30-ын бүлэг эдгээр асуудлын аль нэг дээр тогтмол тусдаа байр суурь илэрхийлж эхэлбэл МАН-ын өнөөгийн зөрчлийг түр зуурын маргаан гэж харахад хэцүү болно. Тэр үед дотоод зөрчил улс төрийн бодит хүчний тэмцэл болж хувирна.
Хэдхэн сарын өмнө Засгийн газрын хувь заяаг шийдэж байсан 30 ба 38-ын харьцаа өнөөдөр дахин улс төрийн бодит хүчин зүйл болж байна. С.Амарсайханыг чөлөөлсөн шийдвэр энэ харьцааг улам хурцатгах эсэхийг одоо парламентын танхим харуулна. Гэхдээ нэг зүйлийг анзаарахгүй өнгөрч болохгүй. МАН-ын дотоод тэмцлийн дараагийн шат бол хэн намаа удирдаж, хэн парламентын гишүүдийг нэгтгэх, хэн төсөв батлуулах хэмжээний олонхийг бүрдүүлж чадах вэ гэдэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ