Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ӨМГӨӨЛӨХ Ч ХЭРЭГГҮЙ, НОТОЛГООГҮЙ ЯЛЛАХ Ч ЭРХГҮЙ
Төрийн өндөр албан тушаалтны нэр хүндийг хамгаалах хамгийн сайн арга нь түүнийг сохроор өмгөөлөх биш. Харин хуулийг хүн бүрд ижил үйлчилдэг болгож, эргэлзээ төрүүлсэн асуудал бүрд баримтаар хариулдаг байх явдал юм.
Саяхан болсон Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол Ц.Элбэгдорж, Эпштейн хоёрын харилцаа, “Өнөр бүл” асрамжийн газраас шилжсэн хүүхдүүдийн хувь заяаны тухай асуудлаас илүүтэй төрд итгэх итгэл алдарсан нийгэмд баримт, хардлага, цуурхал гурав хэрхэн хоорондоо хутгалддагийг харуулсан. Сонсголын үеэр Ц.Элбэгдоржийг “Өнөр бүл”-ээс авсан хүүхдүүдээ Эпштейнтэй холбоотойгоор хүний наймаанд явуулчихсан, “шарж идсэн” хэмээж байв. Хүмүүс яагаад ийм аймшигтай ярианд хүртэл итгэхэд бэлэн болов? Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үедээ хүүхдүүдийг асран хүмүүжүүлэхэд оролцож байсан тухай мэдээлэл өмнө нь ч гарч байв. Харин дээрх сонсголын дараа тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан 27 хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд тусалсан боловч тэдний хэнийг нь ч хууль ёсоор үрчилж аваагүй, төрөлх овог нэрийг нь өөрчлөөгүй гэж тайлбарлав. Хүүхдийг хууль ёсоор үрчилж авах, хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд нь туслах хоёр бол өөр ойлголт. Үрчилж авна гэдэг нь хуульд заасан журмын дагуу хүүхдийг өөрийн хүүхэд болгож, эцэг эхийн эрх, үүргийг хүлээхийг хэлнэ. Харин хүүхдийн хоол хүнс, хувцас, боловсрол, амьдрах орчинд нь туслах, өсөж торниход нь дэмжлэг үзүүлэх нь өөрөө хууль ёсны үрчлэлт болдоггүй байна. Тиймээс Ц.Элбэгдорж 27 хүүхдийг үрчилж авсан уу, эсвэл тэднийг өсгөн хүмүүжүүлэхэд нь тусалж байсан уу гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй болж байх шиг байна. Энэ хоёрын аль нь бодитой байсныг зөвхөн тухайн хүний хэлсэн үг, олон нийтийн ойлголтоор бус, холбогдох бүртгэл, баримтад үндэслэн тогтоох ёстой биз ээ. Хүүхдүүдэд тусалсан үйлдлийг хууль ёсны үрчлэлт гэж шууд ойлгож болохгүйтэй адил, үрчилж аваагүй гэдэг тайлбар нь хүүхэдтэй холбоотой бусад асуудал хууль ёсны байсан эсэхийг шийдэхгүй байх. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Б.Ганчулууны өгсөн мэдээллээр, Ц.Элбэгдоржийн гэр бүлтэй холбоотой 24 хүүхэд бүгд насанд хүрсэн бөгөөд тэдний гурав нь 2025 онд Энэтхэгт суралцахаар хилээр гарсан бүртгэлтэй, үлдсэн 21 нь Монгол Улсын хилээр гараагүй мэдээлэлтэй байжээ. “Болор сан”-гийн асрамжийн газар 2016 онд татан буугдсан гэж мөн дурдаж байв. Харин “Өнөр бүл”-д байсан гэх Д.Гантулга хүүхдийн тоо, шилжүүлсэн нөхцөл, өөрийн дүү нартай холбоотой асуудлаар өөр байр суурь илэрхийлсэн юм. Тэрээр хүүхдүүдийн одоогийн хувь заяа, төрөл садантайгаа уулзах боломжийн талаар тодорхой хариулт хүсэж байв. Ингэхээр хүүхдийн тоо, шилжүүлгийн нөхцөл, хууль ёсны үндэслэл, асрамжийн байгууллагын үйл ажиллагаа, хүүхдүүдийн одоогийн нөхцөл байдлыг нягтлах шаардлага байгааг үгүйсгэх аргагүй.
Ерөнхий хяналтын сонсгол гэдэг нь улс төрийн өрсөлдөгчөө гутаах, олны анхаарал татах, эсвэл өөрийн талын хүнийг цагаатгах тайз байж болохгүй. Түүний зорилго бол төрийн байгууллагын ажиллагаа, хүний эрх, хууль хэрэгжилттэй холбоотой асуудлыг олон нийтэд нээлттэй хэлэлцэж, бодит мэдээлэл олж авах явдал юм.Хэрэв хэн нэгэн оролцогч баримтгүй, утга учиргүй эсвэл гэмт хэрэгт үндэслэлгүйгээр буруутгасан мэдэгдэл хийвэл түүнийг баримтаар няцаах ёстой. Харин сонсгол даргалагчийн хувьд ч ямар мэдээлэл баталгаатай, ямар нь шалгагдаагүй, ямар нь тухайн хүний таамаг болохыг ялган харуулах үүрэгтэй ч тэгж чадаагүй.
Гэхдээ гээндээ ч бий, гоондоо ч бий...
Монголын нийгэмд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн, эрх мэдэлтэй улс төрч, тэдний ойр хүрээллийнхэнтэй холбоотой асуудал сөхөгдөх бүрд олон нийт хоёр талд хуваагддаг. Нэг хэсэг нь тухайн хүнийг ямар ч нөхцөлд хамгаална. Нөгөө хэсэг нь сэжиг төдий мэдээллийг ч гэм буруугийн эцсийн нотолгоо мэт хүлээн авдаг.. Ийм нийгмийг бий болгосон улс төрчид өөрсдөө ч хариуцлага хүлээх ёстой. Төрийн албан тушаалтан хууль, журамд захирагдахын оронд өөрийн нөлөө, танил тал, эрх мэдэлдээ найдаж ирснээс үүдэж ийм байдал хавтгайрч буй. Хүүхдийн асрамж, шилжүүлэг, хамгаалалтай холбоотой үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг чухам ийм учраас нягтлах хэрэгтэй. Учир нь хууль хүн бүрд ижил үйлчилдэггүй гэсэн ойлголт нийгэмд газар авах тусам бодит баримтаас илүү хардлага хүчтэй болдогийг саяхан болсон хяналтын ерөнхий сонсголын уур амьсгалаас харж болохоор байсан. Энэ нь зөвхөн Ц.Элбэгдоржид хамаарах асуудал биш. Өмнөх болон одоогийн бүх төрийн өндөр албан тушаалтан, улс төрчдөд хамаарах зарчим юм.
“Хүүхэд шарж идсэн” гэх ярианд итгэх хүртэл нийгэм яагаад туйлширсан бэ?
Хүний хүүхэд хөнөөсөн, хүний мах идсэн гэх мэдэгдэл бол энгийн шүүмжлэл биш. Энэ нь хүний нэр төр, аюулгүй байдал, нийгмийн сэтгэл зүйд асар хүнд нөлөө үзүүлэхүйц буруутгал. Ийм ноцтой мэдэгдлийг баримт, нотолгоогүйгээр түгээх нь зөвхөн Ц.Элбэгдоржийн нэр хүндэд халдаад зогсохгүй, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн байж болзошгүй бодит гэмт хэргийн асуудлыг ч хөнгөн, инээдэмтэй зүйл болгон хувиргах аюултай. Хамгийн харамсалтай нь, үнэхээр хохирсон хүүхэд, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн дуу хоолой улс төрийн сенсаац, үндэслэлгүй цуурхлын дунд дарагдаж мэднэ. Гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг хамгийн аймшигтай үгийг хэн нэгэнд наахын нэр биш. Харин бодит хохирогчийг олж тогтоох, үнэн мөнийг баримтаар илрүүлэх, гэм буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцохын нэр юм. Энэ бүх маргаанд хамгийн бага яригдаж, хамгийн их анхаарал шаардсан хүмүүс бол хүүхдүүд өөрсдөө юм. Тэдний нэр, гэр бүлийн түүх, амьдралын замнал улс төрийн оноо авах хэрэгсэл болох ёсгүй. Насанд хүрсэн байсан ч хүүхэд ахуйдаа асрамжийн байгууллагад амьдарч байсан хүмүүсийн хувийн нууц, нэр төрийг хамгаалах шаардлага хэвээр байна. Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод хүүхдийн асрамж, үрчлэлтийн асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх, хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих зарчим тусгагдсан байдаг.
Ц.Элбэгдоржид итгэх эсэхээс илүү чухал зүйл бий. Ц.Элбэгдоржийн талаар хүн бүр ижил бодолтой байх албагүй. Түүнийг дэмжих, шүүмжлэх, улс төрийн үйл ажиллагааг нь эргэлзэн харах эрх иргэн бүрд бий.
Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Улс төрчийн нэр хүндийг хамгаалах гэж баримтгүй өмгөөлөл хийх нь ч, түүнийг үзэн ядсандаа хамгийн аймшигтай гэмт хэрэгт нотолгоогүйгээр буруутгах нь ч нийгэмд ашиггүй. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай өнөөдрийн ийм аймшигтай яриа нийгэмд тархахад зөвхөн түүнийг буруутгаж байгаа хүмүүсийн сэтгэхүйг шүүмжлэх хангалтгүй юм. Төрийн эрх мэдэл, хууль хэрэгжилт, ил тод байдалд итгэх олон нийтийн итгэл яагаад ийм эмзэг болсныг ч бас асуух хэрэгтэй. Хэрэв төрийн өндөр албан тушаалтан байсан хүмүүсийн үйл ажиллагаа анхнаасаа хуульд нийцсэн, баримттай, ил тод, эргэлзээ төрүүлэхгүй байсан бол өнөөдөр ийм хэмжээний цуурхалд өртөх орон зай нь бага байх байлаа. Энэ бол эрх мэдэлтэй хүн олон нийтийн итгэлийг хадгалах үүрэгтэйг сануулж буй хэрэг юм. Тиймээс энэ бол итгэл алдсан төрд баримтаар хариулах шаардлага улам өндөр болдгийн нотолгоо юм.
Эцэст нь Монголын нийгэмд хамгийн их хэрэгтэй зүйл нь хэн нэгнийг сохроор өмгөөлөх биш, хэн нэгнийг сохроор үзэн ядах ч биш. Үнэнийг хэн хэлж байгаагаас үл хамааран үнэнийг баримтаар тогтоодог, хуулийг хэнд ч ялгалгүй үйлчилдэг тогтолцоо юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ