ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТАА БҮРЭН ТАЙЛАГНАХГҮЙ БАЙНА

img

 

Төрийн гурван өндөрлөг шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй, иргэдийн хяналт хязгаарлагдсаар байна.

Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлээд 11 жил өнгөрсөн ч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын төсвийн зарцуулалтын мэдээлэл бүрэн, ойлгомжтой нээлттэй байгаа эсэх асуудал хөндөх хэрэгтэй болжээ. Иргэдийн төлсөн татварын мөнгийг юунд, хэнд, хэрхэн зарцуулсныг тодорхой харуулахгүй байх нь олон нийтийн мэдэх эрх, төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг зориуд хязгаарлаж буй хэрэг. Монгол Улсад Шилэн дансны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн зорилго нь төрийн байгууллагуудын төсөв, санхүүгийн мэдээллийг нээлттэй болгож, иргэдэд нийтийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих боломж олгох юм.

Гурван институцийн төсөв 538.3 тэрбум төгрөг

2026 оны төсвийн мэдээллээр Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын даргын төсвийн багц, Ерөнхий сайдын төсвийн багцад нийт 538.3 тэрбум төгрөгийн зарлага баталжээ.

Үүнд:

  • Ерөнхийлөгчийн Тамгын газар — 30.5 тэрбум төгрөг
  • УИХ-ын даргын төсвийн багц — 145.4 тэрбум төгрөг
  • Ерөнхий сайдын төсвийн багц — 362.4 тэрбум төгрөг

Нийтэд мэдээлсэн төсвийн гүйцэтгэлийн дүнгээр Ерөнхийлөгчийн Тамгын газар есдүгээр сарын байдлаар 24.7 тэрбум, Ерөнхий сайдын багц 286.7 тэрбум төгрөг зарцуулсан бол УИХ-ын Тамгын газар наймдугаар сарын байдлаар 52.6 тэрбум төгрөгийн зарцуулалт тайлагнажээ.

Гэвч төсвөөс нийт хэдэн төгрөг зарцуулснаа мэдээлэх нь хангалтгүй. Тухайн мөнгийг ямар ажил, үйлчилгээний төлбөрт зарцуулсан, хэнд шилжүүлсэн, ямар бараа бүтээгдэхүүн худалдан авсан нь тодорхой байх ёстой.

Хууль хэрэгжиж байгаа бол зарцуулалтаа нэг бүрчлэн тайлагнах ёстой

Шилэн дансны тухай хуулийн 6.4.4, 6.4.5-д таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт болон цалингаас бусад таван сая төгрөгөөс дээш орлого, зарлагын гүйлгээний мэдээллийг ил тод байршуулахаар заасан. Мэдээлэлд гүйлгээний агуулга, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгч болон хүлээн авагчийн талаарх холбогдох мэдээлэл багтах ёстой. Мөн хуулийн 4 дүгээр зүйлд мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн, ойлгомжтой, тогтоосон хугацаанд тогтмол, шуурхай байх зарчмыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд нийт зарцуулалтын дүнгээ нийтлээд орхих бус, хуулиар заасан гүйлгээ, худалдан авалтын мэдээллээ бүрэн тайлагнах үүрэгтэй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын төсвийн багц нь татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг. Тэгэхээр эдгээр байгууллагын санхүүгийн мэдээлэл бусад байгууллагынхаас ялгаагүй, хуульд заасан шаардлагын дагуу нээлттэй байх ёстой.

Хуулиар заасан мэдээллийг бүрэн нийтлээгүй бол ямар шалтгаанаар үүргээ биелүүлээгүйг тайлбарлаж, зөрчил байгаа эсэхийг шалгах ч шаардлагатай. Төрийн байгууллагуудын санхүүгийн мэдээллийг нээлттэй болгох нь сайн дурын сонголт биш, хуулиар хүлээсэн үүрэг гэдгээ энэ гурван институт мэдэхийн дээдээр мэдэж буй.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ