Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

img

 

Манай засгийн газар “Эрдэнэт” ТӨҮГ-ынхаа дэргэд бас төрийн өмчит “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр”-тэй болохоор Хятадын төрийн өмчийн “Эн Эф Си”-тай Барих Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээ байгуулжээ. Энэ төслийн өртөг нь 772 сая Ам. Доллар (2,8 ихнаяд ₮).

Лүдвиг фон Мизэсийн баталснаар зөвхөн хувийн өмчлөх эрх дээр тулгуурласан чөлөөт зах зээлийн үнийн дохио, ашгийн алдагдлын шалгуур үгүй үед төр хэзээ ч оновчтой, рационал шийдвэр гаргаж чадахгүй. Энэхүү зэс хайлуулах үйлдвэр нь эдийн засгийн хувьд үнэхээр ашигтай, дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц байсан бол хувийн хэвшлийнхэн өөрийн-тусыг бодох сэдлээрээ аль хэдийн гадны хөрөнгө оруулалтыг татаад барьчих байсан. Гэтэл хувийн хэвшил эрсдэл үүрч орохгүй байгаа төсөлд төрийн оролцоотойгоор, татвар төлөгчдийн мөнгөөр орж байгаа нь түүнийг эдийн засгийн үр ашигтай гэхээсээ илүүтэйгээр цэвэр улстөрийн популист төсөл болохыг илтгэнэ.

Ер нь кейнсчид эдийн засгийг агрегатан хэмжигдэхүүнүүд (хэрэглээ+хөрөнгө оруулалт+засгийн газрын зардал+цэвэр экспорт)-ийн зүгээр л нийлбэр гэж ойлгодог. Тэд жишээлбэл хөрөнгө оруулалтыг ердөө л нэгэн төрлийн, ямар ч дотоод бүтэцгүй цул масс үзнэ. Тийм учраас эдийн засаг хямрах үед засаг төр нийт эрэлтийг сэргээхийн тулд зүгээр л мөнгө хэвлэх эсвэл төсвийн зардлаа нэмэхэд хангалттай гэж дүгнэдэг. Тэдэнд уул уурхайн хүнд машин механизм үйлдвэрлэх, талх барих хоёрын хоорондох капитал ашиглах хугацаа, түүний бүтцийн ялгааг олж харах ухаан заяагаагүй.

Харин Австри сургуулийнхан эдийн засаг бол цаг хугацааны хувьд нарийн эрэмбэлэгдсэн, олон үе шаттай, харилцан уялдаатай үйлдвэрлэлийн бүтэц гэдгийг нотолсон. Капитал нь хэзээ ч нэгэн төрлийн цул зүйл биш бөгөөд уурхайгаас эхлээд эцсийн хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх бүх шат дамжлага нь хоорондоо нарийн уялдаатай байдаг өвөрмөц шинжтэй зүйл. Энэхүү ялгаа нь бодит амьдрал дээр маш том үр дагавартай. Хямд бага хүүтэй зээлийн хүчээр үйлдвэр барих нь улстөрчдөд “хөрөнгө оруулалтыг өсгөж” харагдуулах боломж өгдөг. Үнэндээ энэ нь үйлдвэрлэлийн бүтцийн хэрэглээнээс хол үе шат (жишээлбэл, зэс хайлуулах үйлдвэр гэх мэт урт хугацааны төсөл) руу баталгаагүй хөрөнгө оруулалт илгээж, зах зээлийн тэнцвэрийг алдагдуулдаг. Зах зээлийн бодит хуримтлалд тулгуурлаагүй энэхүү хөрөнгө оруулалт эцсийн дүндээ рационал бус шийдвэр буюу буруу хөрөнгө оруулалт (malinvestment) болно.

Манай зүүнтнүүд “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг эдийн засгийн тусгаар тогтнол, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, валют олох үүсгүүр гэх мэт гоёмсог үгсээр хулджээ. Энэ нь эдийн засгийн бодит хуримтлал, зах зээлийн жам ёсны зээлийн хүү, үнэ, капиталын бүтцийг алдагдуулсан төрийн ээлжит алдаатай бодлого, бас нэг хулгай.

Үйлдвэрлэлийн бүтцийн онолоор аливаа хөрөнгийн хуваарилалт нь зах зээл дэх хэрэглэгчдийн бодит хуримтлал, цаг хугацааны сонголтод тулгуурлах ёстой. Зэс хайлуулах үйлдвэр нь үйлдвэрлэлийн хамгийн дээд буюу урт хугацаанд өгөөжөө өгөх хэрэглээнээс хол шатны төсөл юм. Ийм нүсэр төслийг хэрэгжүүлэхэд асар их хэмжээний бодит хуримтлал шаардагдана. Харин зах зээлийн бодит эрэлт, иргэдийн хуримтлалд үндэслээгүй, засаг төр өөрийн шийдвэрээр (эсвэл татвар, инфляц-өдөөмхий зээлээр) ийм том төсөл рүү хөрөнгө цутгах нь хөрөнгө үрэн таран хийж эдийн засгийн бүтцийг гажуудуулдаг. Энэ нь зах зээлийн жам ёсны өсөлт биш, харин эдийн засгийн мөчлөг, хямрал руу хөтөлдөг “буруу хөрөнгө оруулалт” болж хувирдаг. Тод жишээ гэвэл вагон ачаа тээвэрлэдэггүй 1,5 тэрбум долларын төмөр зам.

Аливаа эдийн засгийн бодлогыг дүгнэхдээ зөвхөн нүдэнд ил харагдах үр дүнгээс гадна цаана нь юу золиослогдсоныг харах хэрэгтэй. Төрийн дэмжлэгтэй сүндэрлэх нүсэр үйлдвэр, утаа баагиулсан яндан, тэнд ажиллах хэдэн зуун хүний ажлын байр нь бидэнд шууд “үзэгдэх зүйл”. Харин тэр их хэмжээний хөрөнгө, татвар тийшээ урсаагүй бол бий болох байсан мянга мянган жижиг, дунд бизнесийн төслүүд, иргэдийн гар дээр үлдэж өөрсдийн хүссэнээр зарцуулах байсан баялаг нь “үл үзэгдэх зүйл” юм. Энэхүү үйлдвэрийг барих зардал нь бусад салбарын хувийн хэвшлийн хөрөнгийг сорж, нийгэмд илүү хэрэгцээтэй байж болох байсан төсөл, хэрэглээг устгах болно.

Төрийн өмчийн эсвэл төрийн гүнзгий оролцоотой аливаа том төсөл нь үргэлж Нэпотистууд буюу амраг саднаараа сүжирсэн бүлгийн тэжээлийн сав болж хувирдаг зүй тогтолтой. Манай улсад Эрдэнэт үйлдвэр өөрөө түүхэндээ улс төрийн намуудын хууль бус санхүүжилтийн гол эх үүсвэр, кроничуудын шахааны бизнесийн төв, тэдний хулгайн сан байсаар ирсэн. Тиймээс ч санхүүгийн тайлан балансаа хэзээ ч ил тод шилэн дансанд хөтөлдөггүй. Үүний хажууд дахин нэг төрийн оролцоотой нүсэр үйлдвэр барих нь эдийн засгийг солонгоруулж (энэ үгийн жинхэнэ утгаар), баялгийн дахин хуваарилалтын тогтолцооноос баяжиж ирсэн улс төр, давуу эрх бүхий бизнесийн бүлэглэлүүдийн эрх мэдлийг улам зузаатгана. Засаг төрөөс хүчээр бий болгож буй үйлдвэрлэлийн бүтцийн энэхүү хиймэл тэлэлт нь эцсийн дүндээ зах зээлийн шалгуурыг давахгүй бөгөөд гарсан алдагдал, үр ашиггүй байдал бүрийн төлөөсийг жирийн иргэд инфляц болон татвараар дамжуулан үүрэх болно. Төрчид хаана, ямар үйлдвэр барихыг шийдэх эрх мэдэлтэй ч тэдэнд зах зээлийг орлох мэргэн ухаан, мэдлэг огт байхгүй. Ямартай ч дуусашгүй гэсэн бэлэгдэлтэй 8.8 жилийн дараа Монгол улс нэг сайхан үйлдвэртэй болох байх.

Хулгайчдаа хоолгүй болгож, зууны хулгайнуудыг зогсооё, иргэдээ инфляцаас хамгаалья гэвэл энэ мэт социалист дөрвөн жилийн төлөвлөгөөндөө тусгасан, Монголын эдийн засгийн бүтцийг эвдэн байж төрийн хүчээр хийж буй их бүтээн байгуулалт хийхээ больсон нь дээр дээ.

Эх сурвалж: capitalism.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ