ЗАСГИЙН ГАЗРЫН СЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
Засгийн газрын сайд нарын суудал ганхахад улс төрийн тохироо юу, ажлын хариуцлага уу гэдэг асуулт үргэлж дагалддаг. Н.Учралын танхимд ч энэ асуулт хариултаа нэхээд багагүй хугацаа өнгөрлөө. Салбартаа асуудал үүсгэсэн сайд нар ажлаа үргэлжлүүлэх үү, эсвэл Ерөнхий сайд дараагийн сэлгээгээ хийх үү?
АН-ын шахалт Ерөнхий сайдын суудалд тулж ирэх тусам Н.Учрал танхимаасаа хэл ам таталж буй хэдэн сайд нараа явуулахаас аргагүйд тулж ирлээ.
Д.Батлут. 339 дүгээр ангид 19 настай байлдагч амиа алдсан хэрэг Батлан хамгаалах салбарын хяналт, удирдлагын хариуцлагыг сөхсөн. АН түүнийг огцруулах шаардлага тавьсан ч асуудал улс төрийн шийдвэрт хүрээгүй. Хэрэгт хэн буруутайг шүүх тогтоох ч салбарын сайдаас хариуцлага нэхэх улс төрийн асуудал тусдаа үлдэнэ.
Б.Найдалаа. Өвлийн эрчим хүчний бэлтгэлээр шалгуулна. Салбарын шинэчлэлийг хариуцна гэж Засгийн газарт орж ирсэн ХҮН намын төлөөлөл өвөл тасалдлын эрсдэл ярьсаар суувал улс төрийн амлалт, бодит ажил хоёрын зөрүү улам холдох биз. УИХ-ын гишүүн М.Энхцэцэг түүнийг огцруулах гарын үсэг цуглуулахаа мэдэгдсэн нь асуудлыг улам хурцатгав.
Ц.Сандаг-Очир ч тайлбар өгөх ёстой сайд. Баавгайн эрсдэлтэй бүсүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэхээр төсөв шийдсэн ч ажил удааширсан гэх шүүмжлэл дагуулж байгаа. Хүний амь нас, иргэдийн аюулгүй байдал яригдаж байхад худалдан авалт хаана гацсаныг тодорхой тайлбарлах шаардлагатай.
Л.Энх-Амгалангийн хувьд төсвийн тодотгол дагасан маргаан эрх баригчдын дотоод зөрчлийг ил болгосон. Харин Б.Энхбаярын хувьд улс төрийн хурц байр суурь, өмнөх мэдэгдлүүдтэй нь өнөөгийн үйлдлийг харьцуулан харах асуулт үлдэж байна.
Н.Учралын хувьд асуудал нь хэдэн сайдаа явуулахдаа биш, хэнийг үлдээж, хэнийг явуулснаараа улс төрийн ямар дохио өгөхдөө байна. Д.Батлутыг огцруулбал АН-ын шаардлагад буулт хийсэн мэт харагдана. Б.Найдалаад хариуцлага тооцвол эрчим хүчний шинэчлэл хариуцна гэж танхимд орж ирсэн ХҮН намынхантайгаа харилцаагаа шинээр тооцох хэрэг гарна. Ц.Сандаг-Очирыг явуулбал төрийн шуурхай ажиллагаа, хүний аюулгүй байдлын асуудалд хариуцлага тооцож буйгаа харуулж болох ч өмнө нь шийдэж болох байсан асуудлууд яагаад сайдын суудал ганхах хүртэл явсныг тайлбарлах шаардлага дагалдана. Асуудал дагуулсан сайд нараа хамгаалах тусам шүүмжлэл Ерөнхий сайд руу шилжиж, түүнийг зүгээр суулгахгүй. АН ч үүнийг ашиглах боломжтой. Сайд бүрийн асуудлыг тус тусад нь сөхөж, Н.Учралыг өөрийн танхимынхаа өмнөөс тайлбар хийдэг байдалд оруулах. Гэхдээ гарын үсэг цуглуулсан хэвээр байх уу, эсвэл огцруулах асуудлыг УИХ дээр бодитоор хөдөлгөх үү гэдэг нь сөрөг хүчний дараагийн алхам болно.
Тиймээс Н.Учралын хувьд хамгийн хэцүү нь асуудалтай сайдаа хамгаалсаар өөрөө шүүмжлэлийн бай болох уу, эсвэл нэг нэгээр нь явуулж, танхимынхаа улс төрийн өрийг төлөх үү гэдэг сонголт юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ