ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ ӨРТСӨН НУТГИЙГ СЭРГЭЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
Япон Улсын Засгийн газар Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Япон Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Кихара Минорү аравдугаар сарын 26-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр түймрийн улмаас учирсан хохиролд нухацтай хандаж байгаагаа илэрхийлэн, Монголын ард түмэнд эмгэнэл илэрхийлжээ.
Тэрбээр Монголын эрх бүхий байгууллагууд түймрийн шалтгааныг шалгаж байгааг дурдаад, түймэрт өртсөн бүс нутгийг сэргээхэд Японы Засгийн газар хамтран ажиллах хүсэлтэй байгааг мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө буюу аравдугаар сарын 22-нд Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яам мөн мэдэгдэл гаргаж, хохирол амссан бүс нутгийг нөхөн сэргээх арга замыг “Мобиком” компанитай хамтран идэвхтэй судлахаа илэрхийлсэн юм.
Харин хохирлыг нөхөн төлөх санхүүжилт, хэмжээ болон тодорхой арга хэмжээний талаар эцсийн шийдвэр одоогоор зарлагдаагүй байна.
Эх сурвалж: Япон Улсын Элчин сайдын яам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ