УЛААНБААТАР 1.7 САЯ ХҮНТЭЙ Ч ТҮГЖРЭЛЭЭС САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Улаанбаатар хот 1.7 сая орчим хүн амтай, 4,704 км² газар нутагтай. Харин Японы Токио хот 14 сая гаруй хүн амтай, 2,200 км² орчим газар нутагтай ч хотын хөдөлгөөнийг нийтийн тээврийн өргөн сүлжээнд тулгуурлан зохион байгуулдгаараа ялгаатай.
Тоон үзүүлэлтээр харьцуулбал Токио хотын хүн ам Улаанбаатарынхаас найм дахин их, харин газар нутаг нь хоёр дахин бага байна.
Гэвч Улаанбаатарын түгжрэлийн гол шалтгаан нь хүн амын тоо, хотын газар нутгийн хэмжээнд бус, замын дэд бүтэц болон тээврийн зохион байгуулалттай холбоотойг олон улсын судалгаанууд харуулж байна.


Азийн хөгжлийн банкны мэдээллээр 2000-2019 онд Улаанбаатар хотын автомашины бүртгэл 13.4 дахин өссөн бол замын сүлжээ ердөө 3.3 дахин өргөжжээ. Өөрөөр хэлбэл, автомашины өсөлт замын сүлжээний тэлэлтээс хавьгүй хурдан байв.
Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2026 оны тайланд дурдсанаар, Улаанбаатар хотод 2024 онд бүртгэлтэй автомашины тоо 740 мянга давж, оргил ачааллын үеийн хөдөлгөөний дундаж хурд цагт 9 км-ээс доош буурсан байна.
Харин Токиогийн 2023 оны мэдээллээр нэг км² газар нутагт дунджаар 6,410 хүн ногдож байжээ. Энэ нь хүн амын нягтрал өндөр байсан ч нийтийн тээвэр, хот төлөвлөлт ямар чухал болохыг харуулж байна.
Улаанбаатарын түгжрэлийг зөвхөн зам нэмж бариад шийдэх боломжгүй. Нийтийн тээврийн хүртээмж, хурд, найдвартай байдлыг нэмэгдүүлэх, ажлын байр болон үйлчилгээний төвлөрлийг бууруулах, хот төлөвлөлт ба замын сүлжээг уялдуулах шаардлагатай байна.
Токио хотын туршлагаас харахад түгжрэлийг шийдэх гол гарц нь хэдэн хүн амтай, хэр том газар нутагтай байгаад бус, хүмүүсийг хэрхэн зорчуулж байгаад оршиж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ