У.ХҮРЭЛСҮХ НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭ СЭРГЭЭЖ, СЭЛЭМ ЭРГҮҮЛНЭ

img

 

Ерөнхийлөгчийн суудлаас буух хүсэлт гаргасан У.Хүрэлсүх намын гишүүнчлэлээ сэргээж, МАН-аа цэгцлэх тухай ярьсан гэх мэдээлэл улс төрийн дараагийн томоохон зөрчлийн эхлэл болж мэдэхээр байна. Төрийн тэргүүн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь Монголын улс төрд урьд өмнө тохиолдож байгаагүй үйл явдал. Гэхдээ энэ үйл явдлын хамгийн анхаарал татах хэсэг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгөх тухай мэдэгдсэн явдал төдий биш байлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцохдоо тэрбээр намын гишүүнчлэлээ сэргээж, намаа цэгцэлж, эв нэгдлийг ханган хамтдаа ажиллах тухай байр суурь илэрхийлсэн гэнэ. Тэгэхээр төрийн тэргүүний албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа улс төрийн нөлөөгөө хаана, ямар хүрээнд үргэлжлүүлэх вэ гэдгээ зурчихсан хэрэг. У.Хүрэлсүх 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ намын даргын албан тушаалаасаа татгалзаж, төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, намын өдөр тутмын удирдлагаас холдсон ч МАН-ын улс төрийн томоохон тоглогчдын нэг хэвээр байсан нь нууц биш. Харин одоо Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нөхцөлд намын гишүүнчлэлээ сэргээж, намынхаа дотоод асуудалд оролцох тухай яриа гарч байгаа нь улс төрийн тоглолтын дараагийн үе шат байж болохоор байна.

Энэ бүхний эхлэл нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотой авлигын гэх мэдээлэл.

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар 2026 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр олон нийтэд хийсэн мэдэгдэлдээ тухайн төслийн гэрээ, санхүүжилт болон төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой ноцтой асуудлуудыг хөндсөн. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг уг төслөөс 25 сая ам.долларын авлига авсан гэх агуулгатай мэдээлэл дэлгэсэн юм. Харин У.Хүрэлсүх уг мэдээллийг эрс няцааж, төрөөс болон ард түмнээс хулгай хийгээгүй гэдгээ мэдэгдэн, хуулийн байгууллагаар шалгуулж нэр төрөө сэргээлгэхийн тулд Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөх шийдвэр гаргаснаа зарлав.

Төмөр замын төсөл 2019-2022 онд хэрэгжсэн бөгөөд гэрээ, төсвийн зарцуулалт, урьдчилгаа санхүүжилт, гүйцэтгэгч компанийн үүрэг хариуцлагын асуудал бүхэлдээ дахин сөхөгдөж байна.

Бодь Интернэшнл компани 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд мэдэгдэл гаргаж, 286 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийг зориулалтын дагуу зарцуулсан, 110 сая ам.долларыг төрийн өндөр албан тушаалтнуудад бэлнээр авлига болгон өгсөн гэх мэдээлэл үндэслэлгүй хэмээн няцаасан. Тэгэхээр одоо мөнгө хаанаас гарсан, хаашаа шилжсэн, гэрээ хэрхэн байгуулагдсан, хэн ямар шийдвэр гаргасан гэдгийг баримтаар тогтоох явдал юм. Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар мөн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаа мэдэгдсэн. Батлан хамгаалахын сайд Д.Батлут ч өмнө нь ажлаа өгөх хүсэлтээ илэрхийлээд байв.

Ерөнхийлөгчийн суудлаас буумагц сэлэм эргүүлэх үү?

МАН-ын бүлгийн хурал дээр У.Хүрэлсүх итгэсэн хүмүүсийнхээ үйлдэлд харамсаж буйгаа илэрхийлж, намын гишүүнчлэлээ сэргээж, намынхаа дотоод асуудлыг цэгцлэх тухай ярьсан гэх мэдээлэл бий. Энэ яриа үнэн бол улс төрийн хувьд анхаарал татахуйц дохио мөн. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Засгийн газрын тэргүүнүүд богино хугацаанд солигдож, МАН-ын дотоод зөрчил ил гарч, нэг намын нэрийн дор өөр өөр улс төрийн бүлэглэлүүд хүч үзэх болсон. Энэ нөхцөлд У.Хүрэлсүх намдаа эргэн ирж, цэгцлэх тухай ярьж байгаа нь хэний байр суурь бэхжих, хэний нөлөө хумигдах вэ гэсэн шинэ асуулт үүсгэх нь тодорхой. МАН-ын үндсэн дүрмийн дагуу түдгэлзсэн гишүүнчлэлээ сэргээхийн тулд харьяалах намын анхан шатны байгууллагад хүсэлт гаргах зохицуулалттай. Харин намын даргыг намын Их хурлаас сонгоно. Гэвч У.Хүрэлсүх шиг намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан улс төрчийн хувьд гишүүнчлэлээ сэргээх тухай мэдэгдлийг намын дотоод бодлого, удирдлага, хүчний харьцаанд нөлөөлөх боломжтой улс төрийн үйлдэл гэж харах нь ононо. У.Хүрэлсүх өөрийнх нь эсрэг байр суурь илэрхийлсэн хүмүүсийг шахах, улс төрийн өрсөлдөгчдөө намын нэрээр цэгцлэх гэж буй хэмээн харж байна. Улс төрийн хэлээр бол У.Хүрэлсүх сэлмээ буцаан барина.

Хуульд Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авах үүрэг УИХ-д бий

Ерөнхийлөгч өөрөө ажлаа өгөхөөр мэдэгдсэнээр бүрэн эрх нь шууд дуусгавар болохгүй. Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгч хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлж, УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулахаар заасан. Харин УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 98 дугаар зүйлд чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх нарийвчилсан журмыг тогтоосон байдаг. Төрийн байгуулалтын байнгын хороо хүсэлтийг ажлын таван өдрийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Дараа нь УИХ-ын нэгдсэн хуралдаанаар мөн ажлын таван өдрийн дотор хэлэлцэж, ил санал хураалт явуулна. УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль батлагдсанд тооцно. 126 гишүүнтэй парламентад энэ нь 64-өөс доошгүй гишүүний дэмжлэг шаардлагатай гэсэн үг. Иймд МАН-ын бүлгийн байр суурь чухал. Гэхдээ Ерөнхийлөгчийг чөлөөлөх эсэх эцсийн шийдвэрийг намын бүлэг биш, УИХ гаргана. Хэрэв хүсэлтийг дэмжвэл дараагийн Ерөнхийлөгч сонгогдож тангараг өргөх хүртэл УИХ-ын дарга төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Албан тушаалаасаа чөлөөлөгдөх нь хуулийн байгууллагад шалгуулахад саадгүй орчин бүрдүүлэх улс төрийн шийдвэр байж болно. Гэсэн ч У.Хүрэлсүх хууль, шүүхийн байгууллагад өөрийн хүмүүсээ томилчихсон, тэд нь түүнийг шалгана гэдэг үлгэрийн далай бөгөөд нэр цэвэр, шударга ёсыг сахиулагч хэмээн цоллоод өнгөрөхөөс хэтийдэхгүй хэмээн улстөрийн хүрээнийхэн харж байгаа. Х.Нямбаатар шударгадаа шүгэл үлээгээд байгаа зүйл биш. Үхэхдээ үхэр буугаа тавина л гэдэг болж буй. Хэрвээ Х.Нямбаатар намдаа нөлөө бүхий хэвээрээ, албан тушаалтайгаа байсан бол мэдэх бүхнээ ‘’авсандаа’’ аваад орох л байсан. Хэн ч биш болж амь тавихаасаа өмнө ‘’Хаантайгаа’’ тэрсэлдэж буй нь зөвхөн өөрийнхөө төлөө.

Харин ард түмэн өөр зүйл нэхэж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр хэн халаасаа түнтийлгэсэн, газрын доорх баялгийг хэн өөрийн эрх мэдлийн хэрэгсэл болгосон, төрийн шийдвэрийн цаана хэний ашиг сонирхол үйлчилж, хэдэн үеийн монголчуудын боломж, ирээдүйг хэн барьцаалсныг л мэдэхийг хүсэж байна. Тэдэнд хэн хэнийхээ араас ‘’хутга шаасан’’ нь сонин биш. Харин ард түмний халааснаас гарсан мөнгө хаачсан, баялгийн өгөөж хэний гарт очсон, үүний төлөө хэн хариуцлага хүлээх вэ гэдэг л чухал. Төр бол эрх мэдэлтнүүдийн хувийн өмч биш, ард түмний итгэмжлэн өгсөн эрх мэдэл гэдгийг санахтун.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бодь компанид тараах 110 сая ам. доллар байхгүй, өчүүхэн жижиг компани хуурамч мэдээ цацаад өөрсдийгөө сурталчилсан юм. Маркетингийн арга нь бүр улс төрөөр хийгдэж байна. Богд банкыг ба Голомт банкыг татан буулга!
2026-11-18