У.Хүрэлсүх эргэж ирэх боломжоо нээлттэй үлдээлээ

img

 

У.Хүрэлсүх тогтолцооны өөрчлөлтөөс эхлээд улс төрд эргэн ирэх боломжоо хүртэл нээлттэй үлдээв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр улс төр, нийгмийн анхаарал татсан хэд хэдэн байр суурь илэрхийллээ.

Тэрбээр Монгол Улсын цаашдын засаглалын тогтолцоо, Үндсэн хуулийн өөрчлөлт, парламентын хариуцлага, улс төрийн зөрчилдөөн зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндсөн юм. Тухайлбал, Монгол Улс хоёр танхимтай парламентын тогтолцоонд шилжиж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болж, төрийн тэргүүн нь Засгийн газраа бие даан бүрдүүлдэг хувилбарын аль нэгийг сонгох асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Түүний байр сууринаас харахад Монгол Улс өнөөгийн засаглалын тогтолцоогоо хэвээр үргэлжлүүлэх бус, Үндсэн хуулийн түвшинд томоохон өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн санааг дэвшүүлж байна.

Мөн нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын удаа дараагийн мэдэгдэлтэй холбогдуулан түүнийг үндэсний эв нэгдлийг хагалан бутаргасан асуудлаар хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг хэлэлцэж, батлах шаардлагатайг онцолсон. Энэ нь парламентын гишүүдийн улс төрийн болон хуулийн хариуцлагыг чангатгах асуудлыг дахин хөндсөн хэрэг юм.

Харин чуулганы хуралдааны үеэр анхаарал татсан өөр нэг сэдэв нь У.Хүрэлсүх улс төрд эргэн ирэх эсэх байлаа.

УИХ-ын гишүүдийн зүгээс түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа улс төрийн өндөр албан тушаалд эргэн ирэх үү, намын удирдлагад очих уу, эсвэл Ерөнхий сайдын суудалд өрсөлдөх үү гэсэн асуултыг тавьсан юм.

Харин У.Хүрэлсүх энэ асуултад шууд үгүйсгэсэн хариулт өгсөнгүй. Тэрбээр эх оронд хэрэгтэй бол хаана ч очиж магадгүй гэсэн хариулт өгсөн нь улс төрийн хүрээнд түүний дараагийн алхмын талаарх таамаглалыг улам нэмэгдүүлж байна.

Ийнхүү Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан У.Хүрэлсүх улс төрийн ирээдүйгээ бүрэн хаасангүй. Харин ч тогтолцооны өөрчлөлт, Үндсэн хуулийн шинэчлэл, улс төрийн хариуцлагын асуудлыг хөндөхийн зэрэгцээ өөрөө улс төрд эргэн ирэх боломжийг нээлттэй үлдээлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ