МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?
Ер нь бол МАН-ынхан хэдийнээсээ дотоод зөрчлөө савандаа барьдаг зуршилтай. Яригдаад л байдаг. Тэр нь ил гардаггүй юм. Харин саяын арга хэмжээний үеэр МАН-д томоохон “салалт” болсныг олон нийт хараад авлаа. Тодруулбал, Н.Номтойбаярыг эвслийнхээ мөрийн хөтөлбөрийг ҮАГ-т өгөхөд МАН дахь Хотын фракцад нэр нь багтаж явдаг зарим хүн үзэгдэв. УИХ-ын гишүүнээр 2016-2020 онд сонгогдож ажилласан А.Ундраа хамт гарч ирэв. Түүнийг Хотын фракцын удирдлага М.Энхболдоос салдаггүй, садан төрлийн холбоотой ч гэгддэг. Дээрээс нь, нэлээд хэдийнээс Хотын орлогч байсан П.Баярхүү, 60 тэрбумын А.Ганбаатар зэргийн хүмүүс ажил төрлийг нь нугалаад зүтгэж эхэлжээ.












