МАН-ЫН ХУРГАН ДАРГА НАРЫН ЗУГААЛГА

img

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн намын хороодын удирдлагууд Япон Улсад туршлага судлах сургалт, айлчлалд оролцсон хэмээв. Энэ удаагийн сургалт Японы эрх баригч Либерал Ардчилсан намын урилгаар зохион байгуулагдсан бөгөөд МАН-ын зүгээс зардлыг гаргасан гэх тайлбар ч өгсөн юм.

Сургалт, туршлага судлах нь мэдээж буруу зүйл биш. Харин МАН-ынхан хэдэн жил, хэдэн удаа “туршлага судалж”, “сургалтад суусны” дараа Монгол Улс тэр туршлагынхаа үр дүнг үзэх вэ? Туршлага судалж явсаар байтал улс орон маань харин ч хөгжлийнхөө тухайд “туршлага судалсан” орноосоо улам л алсраад байгаа мэт харагдах болсон нь эмгэнэлтэй.

Японы намын зохион байгуулалт, бодлого боловсруулах механизм, орон нутгийн удирдлага, иргэдтэй ажиллах соёлыг судалсан гэж тайлбарлана лээ. Японы туршлагаас яг юуг нь Монголд нутагшуулах вэ? Хэзээнээс хэрэгжүүлэх вэ? Үр дүнг нь хэн, хэзээ тайлагнах юм бэ? Сургалтад суусан тэгээд юу гэж гэдэг бэлэн үгтэй.

Тэр үгээрээ бүхнийг хаацайлаад өнгөрөх биш, олон нийтэд бодит үр дүнгээ харуулах ёстой доо уг нь. Тэр тусмаа төр “хэмнэлт”, “бүсээ чангалах” тухай ярьж байгаа үед эрх баригч намын шат шатны удирдлагууд олноороо гадаад руу туршлага судлахаар явах нь зүй ёсоор шүүмжлэгдэх асуудал.

Энэ удаагийн Японы айлчлалд МАН-ын 50 орчим удирдах албан тушаалтан хамрагдсан талаар хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд зардлыг МАН гаргажээ. Туршлага судлах ихэдсэн үү гэхээс багадаагүй. Явсан, суусан сургалтынх нь тоогоор Монгол Улс аль хэдийн хөгжлийн манлайд хүрчихсэн байх учиртай. Гэтэл иргэдийн амьдрал, эдийн засаг, төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг нь харахаар Японоос юу сурсан бэ? гэж халаглахаар олон юм байх юм.

Харин гадаадад сургалтад суусан дарга нарын тоо өсөөд, улс орны асуудал шийдэгдэх хурд нь буурч, бүр ухраад байвал энэ бүх аялал, сургалтын үр ашгийг МАН-ын хэдэн хурган дарга нар л халаасалж, төлбөрийг нь ард түмэн татвараараа төлөөд суусаар байх нь…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ