Б.ЭНХБАЯР: Х.НЯМБААТАРАА БОЛЖМОР БОЛЖ ДУУСЛАА. "ЖИВ ЖИВ"
Хотын даргын алба хашиж байхдаа улс төрийн өрнөлд гол дүрүүдийн нэг явсан Х.Нямбаатар сүүлийн үед Канадаас амралтын өдрүүдэд сошиал хаягаараа лайв хийж, Монголын улс төр, тэр дундаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой мэдэгдлүүлийг ар араас нь гаргах болсон.
Түүний энэ удаагийн мэдэгдэл 2023 оны нүүрсний сонсголын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан түүнд “Бодь”-ийн нүүрсний асуудлыг ярихгүй байхыг анхааруулж байсан гэх агуулгатай байв. Х.Нямбаатарын ярьснаар, Хан-Уул цогцолборын хоёрдугаар давхарт байрлах, Х.Чойбалсангийн хөрөгтэй улаан өрөөнд ийм чиглэл, үүрэг даалгавар өгдөг байсан аж. Тухайн үед өөрөө ХЗДХ-ийн сайд, Б.Энхбаяр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан хэмээн дурдав. Гэвч түүний энэ мэдэгдэлд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Илт худал гүтгэлэг ярьжээ” хэмээн няцаав.
Б.Энхбаярын тайлбарт дурдсанаар, нүүрсний асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хороо 2023 оны долдугаар сарын 7-нд байгуулагдаж, анх Х.Нямбаатар даргаар нь ажиллаж байжээ. Харин Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сард УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөн нийслэлийн Засаг даргаар томилогдсоны дараа буюу аравдугаар сарын 10-нд Б.Энхбаяр тус Түр хорооны даргаар томилогдсон байна. Өөрөөр хэлбэл, Б.Энхбаярын тайлбарлаж буйгаар, 2023 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд тэрбээр нүүрсний сонсгол бус, Хөгжлийн банкны хянан шалгах сонсголыг ахалж, гурван үе шаттайгаар зохион байгуулж байжээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс нүүрсний сонсголын агуулга, шалгалтын чиглэлээр албан ёсны болон албан бус ямар нэгэн үүрэг даалгавар авч байгаагүй, хянан шалгалтын нотлох баримтыг төрийн өндөр албан тушаалтнуудад урьдчилан танилцуулж байгаагүй гэж мэдэгдсэн юм.
Б.Энхбаяр өөрийн тайлбарыг нотлохдоо 2023 оны арванхоёрдугаар сарын 21-ний нүүрсний сонсголыг онцолсон. Тухайн өдөр “Бодь интернэшнл” компанитай холбоотой төмөр замын төслүүд, нүүрсээр санхүүжилт хийх гэрээнүүд болон оффтейк хэлцлүүдийг нээлттэй сонсголоор хэлэлцсэн байдаг. Компанийн эцсийн өмчлөгч Д.Баясгалан ч гэрчээр оролцож, асуултад хариулсан тухай тухайн үеийн хэвлэлүүд мэдээлж байв.
Хэрэв Х.Нямбаатарын ярьж буй үйл явдал үнэхээр болсон бол тухайн үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан тэрбээр яагаад тэр даруй олон нийтэд ил гаргаж, холбогдох баримтаар асуудлыг тавиагүй юм бэ гэдгийг асуумаар байна.
Нэгэн цагт улс төрийн гол дүр болж, шийдвэр гаргах түвшинд ажиллаж явсан Х.Нямбаатар өнөөдөр өнгөрсөн үйл явдлыг эргэн сөхөж буй нь улс төрийн хариуцлага, цаг хугацаандаа байр сууриа илэрхийлэх асуудлыг ч хөндөж байна. Мэдээж, хожим үнэнийг ярих нь өөрөө буруу биш. Гэхдээ тухайн мэдээллийг мэдэж байсан бол яагаад тэр үед дуугараагүй, яагаад яг одоо ил гаргаж байгаа вэ гэдэгт хариулт өгөх хэрэгтэй байх.
“Миний хөгшин одоо бүргэд биш болжмор болж дууслаа”
Б.Энхбаярын хариултын хамгийн ёжтой хэсэг нь нүүрсний сонсголын дараа Х.Нямбаатар өөрт нь “Чи бол үнэхээр цөстэй, зоригтой юм байна аа. Би бол чадахгүй байсан юм байна” гэж хэлж байсан гэх. Х.Нямбаатарын лайв бичлэгийн араас Б.Энхбаяр “Миний хөгшин одоо бүргэд биш болжмор болж дууслаа. Жив жив гэж байхаар эх орондоо ир” хэмээн бичжээ.
Нэгэн цагт улс төрийн талбарт бүргэд мэт нисэж явсан Х.Нямбаатар өнөөдөр Канадаас амралтын өдөр бүр шууд дамжуулалт хийж, өнгөрсөн үеийн улс төрийн явдлуудыг сөхөн ярьж байна. Өмнө нь шийдвэр гаргах түвшинд байсан хүний өнөөдрийн байр суурь, мэдэгдэл хийх цаг хугацаа хоёрын хооронд томоохон асуулт үлдэж буй нь энэ. Баримт бий бол дэлгэх, буруутгал бий бол нотлох, асуудал бий бол хуулийн байгууллагаар шалгуулах нь улс төрийн хариуцлагын үндсэн зарчим биз.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ