6.9 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ ХЭН ТӨЛӨХ ВЭ?

img

 

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 2025 оны эцсийн байдлаар 6.9 их наяд төгрөгт хүрч, үүнээс үүдэн өөрийн хөрөнгийн дутагдал нь 4.8 их наяд төгрөг болсон байна. Энэ тоо бол нэг жилийн үйл ажиллагааны алдагдал биш. Харин 2012 оноос хойш хуримтлагдсан санхүүгийн үр дагавар юм. Ийм хэмжээний алдагдал үүсгэсэн институц өөрөө хариуцлага хүлээх ёстой юу, эсвэл өмнөх Засгийн газруудын улс төрийн шийдвэрийн төлөөсийг өнөөгийн төсөвт үүрүүлэх нь зөв үү?

Монголбанк алдагдлаа таван жилийн хугацаанд Засгийн газрын тусгай үнэт цаас гаргуулж нөхөх санал гаргасан нь 2027 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр маргааны гол сэдэв болж байна. Монголбанкны зүгээс үүнийг санхүүгийн чадавхаа сэргээх, мөнгөний бодлогын бие даасан байдлаа хамгаалах зайлшгүй алхам гэж тайлбарлаж байгаа бол Сангийн яамны хувьд улсын төсөвт дахин нэг том ачаалал үүсгэх асуудал болоод буй.

Монголбанкны 6.9 их наяд төгрөгийн алдагдал хаанаас бий болсон бэ?

Монголбанкны тайлбар болон 2025 оны жилийн тайлангаас үзэхэд алдагдлын эх үүсвэрийг ерөнхийд нь гурван том бүлэгт хуваажээ. Нэгдүгээрт, төсвийн шинжтэй хөтөлбөрүүд гэнэ. 2012–2016 онд хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр, 2013 оноос эхэлсэн ипотекийн зээлийн хөтөлбөр, 2020–2024 онд эдийн засгийн салбаруудыг дэмжих хөнгөлөлттэй санхүүжилт зэрэг нь Монголбанкны санхүүгийн байдалд нөлөөлжээ. Эдгээр хөтөлбөрийн зорилго муу байгаагүй. Шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, иргэдийг орон сууцжуулах, цар тахлын үеэр аж ахуйн нэгжүүдийг дэмжих нь төрийн бодлогын хувьд чухал зорилтууд байсан. Гэхдээ асуудал нь эдгээр бодлогыг хэн санхүүжүүлэх ёстой байв? Төсвийн мөнгөөр хэрэгжүүлэх ёстой нийгэм, эдийн засгийн дэмжлэгийг төв банкны эх үүсвэрээр санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл, төсөв дээр харагдахгүй байсан зардал Монголбанкны баланс дээр хуримтлагджээ. Тодруулбал төр иргэдэд хөнгөлөлттэй зээл олгох, үнэ тогтворжуулах шийдвэр гаргасан ч түүний бодит санхүүжилтийн өртгийг төсөвт бүрэн тусгалгүй, төв банкинд үүрүүлсэн гэсэн үг. Ипотекийн хөтөлбөр үүний тод жишээ. Монголбанкны мэдээлснээр 2013 оноос хойш олгосон 11.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн 8.2 их наяд буюу 73 хувийг Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлжээ. Гэвч ипотекийн зээлийн хүү зах зээлийн хүүгээс доогуур байхад эх үүсвэрийн өртөг, мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах зардлыг хэн хариуцах вэ гэдэг асуудал үлдэнэ. Хоёрдугаарт, валютын зах зээлийн интервенц болон ханшийн эрсдэл. Монголбанк төгрөгийн ханшийн огцом сулралыг зөөлрүүлэхийн тулд валютын захад тогтмол интервенц хийж ирсэн. Мөн банкуудтай урт хугацаат валютын своп хэлцэл байгуулсан. Энэ нь нэг талаасаа валютын захын тогтвортой байдлыг хангах, нөгөө талаасаа банкны салбарын валютын эрсдэлийг бууруулах зорилготой. Гэхдээ ханшийн эрсдэлийг зах зээлд тараахын оронд төв банк өөрийн баланс дээрээ ихээхэн хэмжээгээр төвлөрүүлсэн бол үүний өртөг мөн л Монголбанкны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлнө. Монголбанкны 2025 оны тайланд дурдсанаар урт хугацаат своп хэлцлийн үлдэгдэл 2025 оны эцэст 3.684 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гуравдугаарт, мөнгөний нийлүүлэлтийг буцаан татах хүүгийн зардал. Төв банк зах зээлд их хэмжээний төгрөг нийлүүлсний дараа инфляц, мөнгөний илүүдэл нийлүүлэлтийг хязгаарлах шаардлагатай болдог. Үүний тулд Төв банк үнэт цаас  гаргаж, банкуудын илүүдэл мөнгийг татан төвлөрүүлдэг. Өөрөөр хэлбэл, өмнө нь зах зээлд нийлүүлсэн мөнгийг буцаан татахын тулд төв банк өөрөө хүү төлөх шаардлагатай болдог.

Энэ гурван хүчин зүйл хоорондоо уялдаатай. Тиймээс 6.9 их наяд төгрөгийг зөвхөн нэг хөтөлбөр, нэг Засгийн газар эсвэл нэг удирдлагын алдаа гэж дүгнэх боломжгүй болчихож байгаа юм. Тиймдээ ч сүүлийн хэдэн өдөр төрийн ордон дотор 6.99 их наядын буруутанг хайгаад олохгүй байна.

Өнгөрсөн 14 жилийн хугацаанд төр засаг нийгэм, эдийн засгийн олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Орон сууцжуулалт, үнийн тогтворжуулалт, аж ахуйн нэгжийн хөнгөлөлттэй зээл зэрэг нь тухайн үеийн улс төрийн болон эдийн засгийн бодлогын шийдвэрүүд байсан. Гэвч эдгээр шийдвэрийн санхүүгийн бодит өртгийг төсөвт ил тод тусгаагүй нь бодлогын томоохон алдаа байв. Төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Монголбанкаар санхүүжүүлэх шийдвэр гаргаж, тэдгээрийн урт хугацааны өртгийг төсөвт бүрэн тусгаагүй. Төрийн бодлого хэрэгжүүлэхдээ санхүүжилтийн бодит эх үүсвэр, эргэн төлөлт, эрсдэлийг урьдчилан тооцох ёстой байсан. Харин Монголбанкны тухайд өөрийн үндсэн чиг үүргээс давсан хөтөлбөрүүдэд оролцохдоо санхүүгийн эрсдэлийг хэрхэн үнэлсэн, ямар нөхцөлөөр санхүүжилт олгосон, эрсдэлийн хяналтаа хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэдэг асуултад хариулах ёстой. Төв банк улс төрийн шийдвэрийн хэрэгжүүлэгч болж, төсвийн шинжтэй үйл ажиллагааг өөрийн баланс дээрээ удаан хугацаанд авч явах нь институцийн бие даасан байдалд ч эрсдэлтэй бөгөөд үүнтэй нүүр тулж яваа. Тэгэхээр төсөв, мөнгөний бодлогын заагийг олон жил орхигдуулж ирсэн тогтолцооны төлөөсийг өнөөдөр үүрэх гээд сууж байна.

Засгийн газар бонд гаргаж өгвөл асуудал шийдэгдэх үү?

Монголбанкны саналын гол агуулга нь хуримтлагдсан алдагдлыг Засгийн газрын үнэт цаасаар нөхөх юм. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анарын тайлбарласнаар Төв банкны тухай хуулийн 38 дугаар зүйлд өөрийн хөрөнгийн хасах дүн буюу алдагдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын үнэт цаас гаргах замаар дахин хөрөнгөжүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх зохицуулалт бий. Засгийн газар бонд гаргалаа гээд Монголбанкны дансанд төсвийн бэлэн мөнгө шууд шилжүүлж байна гэсэн үг биш. Харин Засгийн газрын өрийн бичгийг Монголбанкны активт бүртгэж, төв банкны өөрийн хөрөнгийн байдлыг сайжруулах механизм хийх гэж буй санаа. Монголбанкны тайлбарлаж буй хувилбараар 2027–2031 онд жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний тусгай үнэт цаас гаргах замаар алдагдлыг бууруулах төлөвлөгөө яригдаж байна. Монголбанк өөрийн үнэт цаас гаргаж зах зээлээс мөнгө татахдаа хүү төлдөг. Харин Засгийн газрын үнэт цаасаар өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөж чадвал төв банкны санхүүгийн дарамтыг бууруулах, ирээдүйд хүүгийн зардлыг багасгах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Гэхдээ Монголбанкны алдагдлыг Засгийн газрын бондоор нөхлөө гээд Монгол Улсын нийт өр төлбөр багасахгүй. Харин өрийн бүтэц, хариуцах институц өөрчлөгдөж байгаа хэрэг. Төв банкны баланс дээр байсан санхүүгийн дарамт улсын төсвийн өрийн удирдлагад шилжинэ гэсэн үг. Үүний хүүг хэн, ямар эх үүсвэрээр төлөх вэ гэдэг асуудал эцэстээ татвар төлөгчдийн нуруун дээр л очих нь. Тиймээс үүнийг алдагдлыг арилгах гэхээсээ илүүтэй санхүүгийн дарамтыг дахин хуваарилах ажиллагаа гэж шулуухан хэлчихэд гэмтэй биш.

Сангийн сайдын татгалзах байр суурь ч бас үндэслэлтэй. 2027 оны төсвийн төслийн үндсэн үзүүлэлтүүдийг харахад улсын төсөв өөрөө багагүй дарамттай байна.

Төслийн эхний хувилбараар тэнцвэржүүлсэн орлого 27.9 их наяд, зарлага 31.9 их наяд төгрөг буюу орлого, зарлагын зөрүү 3.99 их наяд төгрөг байхаар тусгасан. Үүн дээр 2027 онд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөр 5.99 их наяд төгрөг байна. Өөрөөр хэлбэл, улсын төсөв өмнөх өрөө төлөх, шинээр санхүүжилт босгох, төсвийн зарлагаа санхүүжүүлэх зэрэг олон чиглэлд зэрэг дарамт үүрч байгаа нөхцөлд төв банкны хуримтлагдсан алдагдлыг мөн төсөвт шилжүүлэх нь амар шийдвэр биш. Төсвийн сахилга бат, өрийн тогтвортой байдлыг хангах ёстой Сангийн яам яагаад төв банкны алдагдлыг ямар ч нөхцөлгүйгээр хариуцах ёстой гэж? Гэтэл нөгөө талд төр өөрөө шийдвэр гаргаж, төв банкаар санхүүжүүлсэн хөтөлбөрүүдийн хуримтлагдсан өртгийг яагаад зөвхөн төв банкны алдагдал хэвээр үлдээх ёстой гэж? гээд маргаан дуусахгүй нь.

Тэгээд яана гэж?

Монголбанкны анхааруулж буй гол зүйл бол алдагдлын цаашдын өсөлт. Төв банкны 2027 оны мөнгөний бодлогын баримт бичигт санхүүгийн эмзэг байдлыг бууруулах, өөрийн хөрөнгийн дутагдлыг шийдвэрлэх шаардлагыг онцолж байсан. Хэрэв алдагдлын шалтгааныг хэвээр үлдээж, санхүүгийн тогтвортой байдлыг сэргээх арга хэмжээ авахгүй бол хүүгийн зардал болон бусад санхүүгийн эрсдэл цаашид нэмэгдэх нь гарцаагүй. Монголбанкнаас хийсэн тооцооллоор хуримтлагдсан алдагдал 2030 он гэхэд 10 их наяд төгрөгт хүрэх эрсдэлтэй. Мөн Төв банкны үнэт цаасны хэмжээ цаашид эрчимтэй өсөх төсөөлөл дурдагдаж байна. Нөгөө талдаа төв банк өөрийн хөрөнгийн дутагдалтай байх нь мөнгөний бодлого хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж болох ч төв банк заавал эерэг өөрийн хөрөнгөтэй байж л бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн үг биш. Олон улсын туршлагаас харахад төв банкны санхүүгийн алдагдлыг шийдвэрлэх арга хэлбэр улс орон бүрд ялгаатай байна. Гэхдээ удаан хугацаанд санхүүгийн эмзэг байдалтай байх нь бодлогын бие даасан байдал, олон нийтийн итгэлд эрсдэл үүсгэж болзошгүйг эдийн засагчид анхааруулав. Тэгэхээр энэ асуудлыг зөвхөн бонд гаргаж, 6.9 их наядыг Монголбанкны баланснаас гаргах замаар шийдэж болохгүй юм. Алдагдлын бүтцийг хараат бус аудит, олон нийтийн хяналтад дахин нарийвчлан оруулах хэрэгтэй. 2012 оноос хойш хэрэгжсэн хөтөлбөр бүрээр хэдий хэмжээний санхүүжилт олгосон, ямар өгөөж хүртсэн, ямар хэмжээний хүүгийн зардал, ханшийн алдагдал үүссэн, өнөөдөр ямар актив үлдсэн гэдгийг ил тод тайлагнах шаардлагатай. Мөн Засгийн газар бонд гаргах бол түүний нөхцөлийг маш тодорхой болгох ёстой бөгөөд Монголбанк цаашид төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх явдлыг зогсоох юм. Орон сууцжуулах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, үнэ тогтворжуулах зэрэг төрийн бодлогыг хэрэгжүүлэх бол санхүүжилтийг төсөвт ил тод тусгаж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах нь зөв. Засгийн газар төсвийн тэлэлтээ мөнгөний бодлоготой уялдуулах шаардлагатай. Төсөв нэг гараараа эдийн засагт их хэмжээний мөнгө нийлүүлж, нөгөө гараараа Монголбанк түүнийг хүү төлөн буцаан татдаг тогтолцоог өөрчлөхгүй бол энэ удаадаа 6.9 их наядын алдагдлыг нөхсөн ч дахиад л шинэ алдагдал үүснэ. Точвхондоо алдагдлыг хэн төлөхөөс илүү дахин алдагдал үүсгэхгүй байх нь чухал.

Өнгөрсөн хугацаанд улс төрийн шийдвэрүүд эдийн засгийн бодит өртгөө бүрэн ил гаргалгүйгээр хэрэгжиж ирснээс энэ бүхэн үүдэлтэй. Харин өнөөдөр тэр өртгийг хэн хариуцах вэ гэдэг маргаан үүсээд байгаа нь энэ. Эцсийн дүндээ Монголбанкны алдагдлыг хэн төлөх вэ гэдэг асуултын хариулт татвар төлөгчдөд очно. Харин татвар төлөгчдийн мөнгөөр дахин ийм алдагдал бий болгохгүй байх нь чухал бөгөөд өнгөрсөн үеийн алдаагаа иргэдийн халааснаас төлүүлэхээс өмнө алдаагаа дахин давтахгүй байх баталгааг төр өөрөө гаргах ёстой.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ