Шинэ нисэх онгоцны буудал долдугаар сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын ажилтай танилцлаа. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орох хугацаа нь ковидоос хамааралтайгаар хэд хэдэн удаа хойшилсон. Одоогийн байдлаар ажил 85.1 хувьтай яваа бөгөөд нээлтийг долдугаар сарын 4-нд хийж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Шуурхай удирдлагын төвийг 34 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ төв нь Буян-Ухаагийн үйл ажиллагааг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу шилжүүлэх аж. Нүүлгэн шилжүүлэх ажлыг зургадугаар сарын 15-наас эхэлнэ. Буянт-Ухаа дээр байгаа онгоцнуудыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд байрлуулах гэнэ. Эхний нислэгийг долдугаар сарын 4-ний 11:40 цагт Улаанбаатар-Токио чиглэлд хийхээр төлөвлөжээ.


















