“ЧИНГИС ХААН” РОК ДУУЛЛЫН ТҮҮХ
ЦЭРГИЙН АЛБАНД БИЧСЭН ШҮЛЭГ НЬ ДЭЛХИЙН ТАЙЗНАА ЭГШИГЛЭЖ, ЯМАХА-ГИЙН ТУСГАЙ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ
1980-аад оны үзэл суртлын хатуу хязгаарлалттай нийгэмд Их эзэн Чингис хааныг алдаршуулан дуулах нь тухайн үеийн залуу уран бүтээлчийн хувьд зориг шаардсан алхам байв. Харин Д.Жаргалсайхан буюу Чингис Жагаагийн бичсэн нэгэн шүлэг хожим Монголын рок хөгжмийн түүхэнд өөрийн гэсэн орон зайг эзэлж, олон улсын тайзнаа Монголын нэрийг дуурсгасан бүтээл болжээ.
Энэ бол “Чингис хаан” рок дууллын түүх юм.
Цэргийн албанаас эхэлсэн түүх
Д.Жаргалсайхан 1983 онд цэргийн алба хааж байхдаа “Чингис хаан” рок дууллын шүлгийг зохиожээ. Тухайн үед социалист нийгмийн үзэл суртлын хязгаарлалтаас шалтгаалан Их эзэн хааныхаа тухай ил тод алдаршуулан дуулах боломж, орон зай хомс байсан цаг.
Гэсэн ч тэрээр өвөг дээдэс, үндэсний түүх, Монголын бахархлыг дуу хөгжмөөр илэрхийлэх хүсэл эрмэлзлээ шүлгээр буулгасан байна.
1986 онд цэргийн албанаас халагдан ирснийхээ дараа уг шүлэгтээ ая зохиож, хөгжмийн найруулга дээр нь нэлээд нягт нямбай ажиллаж эхэлжээ.
Улмаар Соёл-Эрдэнэ хамтлагтай хамтран “Чингис хаан” рок дууллаа дуулж, хөгжимдсөн байна.
Тус хамтлагийн тоглолтыг сонссон хөгжмийн нэрт судлаач, яруу найрагч Жамцын Бадраа уг бүтээлийг Монголын залуусын үндэс угсаа, өвөг дээдсээрээ бахархах бахархлыг өдөөж, дэврээж чадсан түүхэн бүтээл хэмээн үнэлж байжээ.
Монголын тайзнаас дэлхийн тайз руу
“Чингис хаан” рок дууллын анхны аудио бичлэг 1988 онд Монгол телевизийн 600-гийн их студид хийгдсэн байна. Харин 2004 онд “Sound Design Records” студид дахин шинэчлэн бичүүлжээ.
Мөн уг бүтээлийг 1990 онд Монгол телевиз, 2007 онд DX продакшн тус тус дүрсжүүлсэн түүхтэй.
Гэхдээ энэ дууны амжилт зөвхөн Монголын үзэгчдээр хязгаарлагдсангүй. Олон улсын хөгжмийн наадам, уралдаанд оролцож, шагнал хүртсэн нь түүний түүхийн онцгой хэсэг юм.
1990 он — Казахстаны “Азийн дуу хоолой”
1990 оны наймдугаар сард Казахстаны тухайн үеийн нийслэл Алма-Ата хотод болсон “Voice of Asia” буюу “Азийн дуу хоолой” олон улсын хөгжмийн уралдаанд “Чингис хаан” рок дуулал оролцож, гуравдугаар байрын шагнал хүртжээ.
1991 он — Японы Будокан цэнгэлдэхийн тайз
Үүнээс жилийн дараа буюу 1991 оны аравдугаар сарын 27-нд Монголын рок дуулал Японы нийслэл Токио хотын алдарт “Будокан” цэнгэлдэх хүрээлэнд эгшиглэв.
Дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 16 рок хамтлаг оролцсон “Band Explosion ’91 World Final” буюу дэлхийн рок, поп хөгжмийн уралдаанд “Чингис хаан” рок дууллаараа өрсөлдөж, тэмцээний ерөнхий зохион байгуулагч Yamaha компанийн “Special Staff Prize” тусгай шагналыг хүртсэн байна.
Ингэснээр Монголын үндэсний түүх, бахархлыг илэрхийлсэн рок бүтээл олон улсын хөгжмийн тайзнаа амжилттай оролцож, өөрийн онцлогийг харуулжээ.
Гадаадын нэрт түүхчийн номд эшлэгдсэн Монгол дуу
Энэ бүтээлийн хамгийн сонирхолтой түүхийн нэг нь Америкийн түүхч, “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номын зохиогч Жэк Уэтерфордтой холбогдоно.
Тэрээр Монголд ирж, хөдөө нутгаар аялж явахдаа “Чингисийн баатрууд” дууг анх сонссон бөгөөд уг дуунаас төрсөн гүн сэтгэгдлийнхээ нөлөөгөөр номоо бичиж эхэлсэн тухайгаа дурдсан байдаг.
Түүнчлэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номдоо “Чингис хаан” рок дууллын шүлгээс орчуулан:
“Is it our Fault we have forgotten our history?” буюу “Түүхээ мартсан нь бидний буруу гэж үү?” хэмээн эшлэл болгон оруулжээ.
Энэ нь Монголын рок дуулал зөвхөн хөгжмийн бүтээл төдийгүй түүх, үндэсний ухамсар, өв соёлын тухай бодолд бусдад хүрч чадсаныг харуулах нэгэн сонирхолтой баримт юм.
Д.Жаргалсайханы шүлэг, хөгжим зохиосон бусад бүтээлүүдийг ч Монгол судлалын чиглэлээр ажилладаг гадаадын эрдэмтэн, судлаачид зохиол бүтээлдээ онцлон тэмдэглэж байсан түүхтэй.
Өнөөдрийг хүртэл үргэлжилсэн түүх
“Чингис хаан” рок дуулал олон жилийн турш үе үеийн сонсогчдод хүрсээр ирсэн бөгөөд 2019 онд гарсан “Чингис хаан” хамтлагийн цомогт багтжээ.
1983 онд цэргийн алба хааж байсан нэгэн залуугийн бичсэн шүлэг, 1986 онд хөгжим болон амилж, 1988 онд анх студид бичигдэн, улмаар олон улсын тайзнаа эгшиглэж, Yamaha-гийн тусгай шагнал хүртсэн нь Монголын рок хөгжмийн түүхийн нэгэн онцгой замнал юм.
Тэр үеийн нийгмийн үзэл суртлын хязгаарлалтыг даван гарч, үндэсний түүх, өвөг дээдсийнхээ нэрийг рок хөгжмөөр дуурсгасан энэ бүтээл өнөөдөр ч үнэ цэнээ хадгалсаар байна.
Нэгэн цагт цэргийн албанд бичигдсэн шүлэг дэлхийн тайзнаа хүрч, Монголын түүхийг дэлхийн уншигчдад сануулсан нь “Чингис хаан” рок дууллын хамгийн сонирхолтой түүх билээ.
Чингис хаан рок-дуулал
Алтан нарыг
Армагийн тоосоор хиртүүлж
Аймшиг авчирсан чинь
Аргагүй үнэн
Авралгүй үнэн
Газар тэнгэрийг
Галдан цахилж
Гамшиг тарьсан чинь
Гашуун үнэн
Гарцаагүй үнэн
Урвалт шарвалтыг хэзээ ч уучлаагүй Чингис хаан
Унаган сүлдэндээ хийморийн тэнгэртэй Чингис хаан
Эр хонгор хүчиндээ эрдээгүй Чингис хаан
Эв найрын сэтгэлээ эвдээгүй Чингис хаан
Нэрийг чинь хэлэхээс айдаг байлаа
Дүрийг чинь бодоод ч олдоггүй байлаа
Нүгэл буяныг чинь ялгадаггүй байлаа
Худал үнэнийг чинь салгадаггүй байлаа
Эрхт Монголоо гэсэн Их хаантны буруу юу?
Эх түүхээ гээсэн та бидний буруу юу?
Чингис хаан, Чингис хаан, Чингис хаан
Морьтны заяа,
Монгол нэрээ
Мөнхөд дуурсгасан чинь
Мадаггүй үнэн
Маргашгүй үнэн
Сэлэм атгаж,
Салхи исгэрүүлж явахдаа ч,
Соёлоо дээдэлсэн чинь
Дарагдашгүй үнэн
Давтагдашгүй үнэн
Урвалт шарвалтыг хэзээ ч уучлаагүй Чингис хаан
Унаган сүлдэндээ хийморийн тэнгэртэй Чингис хаан
Эр хонгор хүчиндээ эрдээгүй Чингис хаан
Эв найрын сэтгэлээ эвдээгүй Чингис хаан
Нэрийг чинь хэлэхээс айдаг байлаа
Дүрийг чинь бодоод ч олдоггүй байлаа
Нүгэл буяныг чинь ялгадаггүй байлаа
Худал үнэнийг чинь салгадаггүй байлаа
Эрхт Монголоо гэсэн Их хаантны буруу юу?
Эх түүхээ гээсэн та бидний буруу юу?
Чингис хаан, Чингис хаан, Чингис хаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ