Аливаа вакцинжуулалтын дараах урвал хүндрэлийн шалтгаан хамаарлыг тогтоох хороо ажилладаг. Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын алба, дархлаа судлаач эмч нар зэрэг бүрэлдэхүүнтэй томоохон багаар урвал хүндрэлийн шалтгаан хамаарлыг судлан тогтоодог. Энэ удаагийн тохиолдолд задлан шинжилгээ хийгдсэн байна. Эмгэг судлалын шинжилгээгээр урьдчилсан байдлаар уг бүсгүйн нас барсан шалтгаан нь вакцинтай ямар ч холбоогүй болох нь тогтоогдсон. Талийгаачийн оношийг танилцуулбал, тархины суурийн судасны өмнөд артерийн духны дэлбэн хэсэг рүү салаалсан хэсэгтээ судасны том хэмжээний цүлхэнтэй байсан. Энэ цүлхэн нь хагарснаас болж тархины хоёр тал бөмбөлгийн суурин хэсгийн аалзавч бүрхүүлийн тархмал цус харвалт үүсэж, уг эмгэгийн улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна.