Иргэдээсээ харамласан PCR-г наадмын цэгт төвлөрүүлсэн үү
Нэг л тогтворгүй босож, сууна. Ажилдаа төвлөрөхгүй санаа зовнисон байдалтай харагдав. Учрыг нь асуувал хамт ажилладаг эгчийн биед эрүүл мэндийн яамны мэдээллээр өдөр бүр сануулдаг өнөөх шинж тэмдэг илэрч байх юм гэнэ. Айх мэдрэмж. Түргэвчилсэн шинжилгээ бушуу түргэн өгөхийг санал болгов. Удалгүй утас дуугарав. Түүний түргэвчилсэн шинжилгээний хариу “ЭЕРЭГ” гарчээ. Ингээд хамт ажилладаг бидний хэдэн нөхөд ойрын хавьтал болов. “Сэжгээр өвдөж сүжгээр эдгэнэ” гэдэг шиг сэтгэл санаа тогтворгүй айдас төрнө. Хамгийн түрүүнд гэр бүлийнхэн санаанд орно. Халуурч, толгой, хоолой өвдөөд ч байх шиг. Гэхдээ PCR шинжилгээний хариу бус түргэвчилсэн шинжилгээний хариу шүү дээ. PCR шинжилгээгээр хариу өөрчлөгдөж, сөрөг гарч болно гэдэг бодол л эргэлдэнэ. Арга ядсан, айсан хүний бодол л байх.


















